
Өмнө нь EastEnders цувралын салбар бүтээлд оролцсон Их Британийн жүжигчин Австрали руу Баруун Африкаас 320 кг метамфетамин хууль бусаар оруулахыг завдсан хэрэгт буруутгагджээ.
34 настай Имаа Хуссен өчигдөр Сидней хотын шүүхэд хүргэгдлээ. Түүнийг Австрали руу арилжааны хэмжээний метамфетамин импортлохыг завдсан хэрэгт яллагдагчаар татсан байна. Энэхүү төрлийн гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Хуссен Өмнөд Австрали хосын хамт Гана улсаас илгээсэн тээврийн чингэлгүүдэд нүүрсний шуудайд нуусан метамфетаминыг хилээр оруулахыг завдсан гэж үзэж байна.
Хураагдсан мансууруулах бодисын гудамжны зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 296 сая австрали доллар буюу 208 сая ам.доллар аж.
Хуссен өмнө нь батлан даалтаар суллагдах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан бөгөөд наймдугаар сард дахин шүүх хуралд оролцохоор товлогджээ.
Хуссен 2010 онд анх цацагдсан алдарт EastEnders олон ангит киноны салбар бүтээл болох E20 цувралд Наз хэмээх дүрийг бүтээж байжээ. Мөн тэрээр 2013 онд гарсан Hummingbird кинонд тоглосон нь АНУ-д Redemption нэрээр гарч байсан юм.

Австралийн цагдаа нар дөрөвдүгээр сард мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Учир нь хилийн хяналтын байгууллагууд Гана улсаас Сидней хотын Порт Ботани боомтод ирсэн хоёр чингэлэгт сэжигтэй шинж тэмдэг илрүүлжээ.
Чингэлгүүдийн агуулгыг нүүрсний шуудай гэж бүртгэсэн байсан боловч рентген шинжилгээ хийхэд сэжиг бүхий зүйлс илэрсэн байна. Шалгалтын үеэр эрх баригчид “цагаан талстлаг бодис” илрүүлснийг лабораторийн шинжилгээгээр метамфетамин болохыг тогтоожээ.
Цагдаа нар хар тамхийг хүлээн авагчдад хүргэхээс өмнө ачаанаас нь салган авчээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Хуссен тухайн агуулахад очиж, хэд хэдэн эрэгтэй хүн чингэлгийг задлах ажлыг удирдан хянаж байсан гэнэ.
Дараа нь тэд хэд хэдэн шуудайг автомашинд ачиж, Сидней хотын Блактаун дүүрэг дэх нэгэн байшин руу авч явсан байна. Удалгүй цагдаа нар уг байшинд нэгжлэг хийж, Хуссеныг баривчилжээ.
Мөн электрон төхөөрөмжүүд болон тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд мөрийн баримтуудыг хураан авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Австралийн Өмнөд Австрали мужийн нийслэл Аделайде хотод 30 настай эмэгтэй, 32 настай эрэгтэй хоёрыг мөн баривчилж, хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг хар тамхи хүргэгдсэн Сидней хотын агуулахуудыг түрээслэхдээ хуурамч нэр, хувийн мэдээлэл ашигласан гэж буруутгажээ.
Австралийн Холбооны Цагдаагийн газрын мөрдөн шалгах албаны түр орлогч дарга Тревор Робинсон “296 сая долларын үнэлгээтэй энэ хэмжээний хар тамхийг хураан авснаар Австралийн гудамжинд хүрэх байсан ойролцоогоор 3.2 сая удаагийн худалдааг таслан зогсоолоо” гэж мэдэгджээ.
Мөн Австралийн Хилийн Хамгаалах Албаны ахлах ажилтан Жаред Лейтон ажилтнуудынхаа ажиллагааг өндрөөр үнэлээд “Гэмт бүлэглэлүүд хууль бус мансууруулах бодисоо нуухын тулд нүүрс зэрэг өдөр тутмын энгийн бараанд шингээх хүртэл олон арга хэрэглэдэг. Гэхдээ манай өндөр ур чадвартай ажилтнууд ийм оролдлогуудыг илрүүлэхэд бэлтгэгдсэн байдаг” хэмээн мэдэгдсэн байна.