
2023 оны нэгэн орой Эрик (жинхэнэ нэр нь биш) цахим орчинд үздэг байсан насанд хүрэгчдийн контентыг гүйлгэн харахдаа гэнэт цочирджээ. Видеоны эхэнд гарч буй хос нь өөрөө болон түүний найз бүсгүй нь байв. Тэд гурван долоо хоногийн өмнө Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотын нэгэн зочид буудалд хоносон бөгөөд тэднийг нууцаар бичиж байсныг огт мэдээгүй гэнэ.
Өрөөнд нууц камер байрлуулж, бичлэгийг олон мянган хүнд түгээсэн байжээ. Ийнхүү Эрик өмнө нь хэрэглэгч нь байсан “нууц камерын” хууль бус контентийнхоо золиос болсон байна.
Хятадад ийм төрлийн бичлэгийг үйлдвэрлэх, түгээх нь хууль бус ч сүүлийн арван жилд тасралтгүй оршин тогтносоор иржээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудал нийгмийн сүлжээнд улам их яригдаж, ялангуяа эмэгтэйчүүд маш жижиг камер илрүүлэх аргаа солилцох болсон байна. Зарим нь бүр зочид буудлын өрөөнд майхан барьж унтахад хүрсэн гэдгээ ч илэрхийлцгээжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын Засгийн газар зочид буудлуудад нууц камер байрлуулсан эсэхийг шалгах үүрэг хүлээлгэсэн журам гаргасан ч асуудал бүрэн арилсангүй. BBC World Service-ийн судалгаагаар олон сайт, аппликейшнд зочид буудлын өрөөнд нууцаар бичсэн бичлэгүүд байршсаар байна.
Ийм төрлийн бичлэгийн ихэнх нь Telegram-аар сурталчлагддаг бөгөөд зарим сайт олон зуун өрөөнд суурилуулсан камер бодит цагт дамжуулж байгаа буюу live бичлэг гэдгийг онцлосон байдаг. BBC-ийн тооцоогоор мянга мянган зочид өөрсдөө мэдэлгүй нууц камерт бичигдсэн байх магадлалтай аж.
Эрик өсвөр наснаасаа ийм бичлэг үздэг байсан ч өөрөө золиос болсноо мэдсэний дараа хандлага нь өөрчлөгджээ. Найз бүсгүй “Эмили”-д (нэрийг нь мөн өөрчилсөн) үнэнээ хэлэхэд тэр эхэндээ итгээгүй ч бичлэгийг хараад ихэд цочирдсон байна. Тэд хэсэг хугацаанд бие биеэсээ зай барьж, одоо ч зочид буудалд буухаас зайлсхийдэг болсон гэжээ.
Судалгааны явцад BBC ийм бичлэгийн ард зохион байгуулалттай сүлжээ, зуучлагчид байгааг илрүүлсэн бөгөөд их хэмжээний ашиг олж байгааг тогтоосон байна. Мөн технологийн компаниуд хяналтаа сайжруулах шаардлагатайг хүний эрхийн байгууллагууд онцолжээ.