
ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод 28 настай эмэгтэй тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгааны улмаас нас барсантай холбоотойгоор халдвар хамгааллын нэмэлт арга хэмжээ авч эхэлжээ.
Талийгаач нь Сибирь болон Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ажилтан байсан бөгөөд аравдугаар сарын 2-ны шөнө эмнэлэгт нас барсан байна.
ОХУ-ын хэвлэлүүдэд талийгаач уушгины тахлаар өвчилсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч Роспотребнадзор уг мэдээллийг батлаагүй байна. Тус байгууллагаас өвчтөний шинжилгээгээр мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой эмгэг төрүүлэгч бичил биет илрээгүй, Эрхүү болон Шелехов хотын тархвар судлалын нөхцөл байдал тогтвортой байгааг мэдээлжээ.
Харин уг тохиолдолтой холбоотойгоор Монгол Улсад халдвар орж ирэх эрсдэл байгаа эсэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, талийгаачийн нас баралтын шалтгаан тарваган тахал гэдэг нь батлагдаагүй тул уг тохиолдлоос шалтгаалан Монгол Улсад халдвар орж ирэх эрсдэл одоогоор байхгүй гэж мэдээллээ.
Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч А.С. Цыденов талийгаач тус бүс нутагт зорчсон гэх мэдээллийг няцааж, Монголтой хиллэдэг нутагт тарваган тахлын шинэ голомт илэрсэн гэх мэдээлэл мөн үндэслэлгүй болохыг мэдэгдсэн байна.