
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Энэ удаагийн "4:11"-д АН-ын дарга О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцлоо.
АН-ын дарга О.Цогтгэрэл: -Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан. Авлига гэдэгт хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарлаа. Үүний цаана засаглалын асуудал, төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр бий. Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, АН-ын бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байгаа.
АН-ын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. АН гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм. АН уламжлалаа дээдэлдэг шинэчлэлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин байх болно.
АН-ын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид төрөө цомхон болгох ёстой, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой гэдгийг нөгөө талдаа дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах санал өргөн барих босгоос дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа. Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд хэвээрээ. Хаврын чуулганы эхэнд эрх баригчид, Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авахгүй бол тавьсан зарчмын шаардлага хэвээр байгаа гэдгийг хэлье.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: -УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-д сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслүүдэд сонгогчдын таван мэдээлэл (эцэг эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг, регистрийн дугаар)-ийг агуулсан нэрийн жагсаалтыг өгөхөөр заасан байдаг. Үүний дагуу 2024 оны сонгуулиар АН-д хоёр сая гаруй сонгогчийн мэдээлэл ирсэн. Үүнийг АН-д элсэхийг хүссэн иргэд регистрийн дугаараа оруулж өөрийнхөө мэдээллийг баталгаажуулж болох байдлаар ашигласан. Гэвч олон нийтийн зүгээс шүүмжлэл гарсан учраас тухайн мэдээллийг хаасан. Гэхдээ ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Нам, эвслүүдэд сонгогчдийн нэрийн жагсаалтыг өгнө" гэж зааснаас хэзээ ямар байдлаар ашиглаж болох, болохгүй тухай нарийн зохицуулалт байдаггүй.