Талбайн теннисний нэр хүндтэй “Их дуулга” тэмцээн оны турш дөрвөн удаа болж алдартнуудыг төрүүлдэг. Австралийн Сидней, Францын Парис, Их Британийн Лондон болон Америкийн Нью-Йорк хотод эдгээр цуврал тэмцээн болдгоороо онцлогтой. Тодруулбал, нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээн болж дэлхийн шилдэг теннисчид Сидней хотод цуглардаг. Энэ тэмцээн хатуу хучилттай талбайд болдгоороо бусад тэмцээнээс ялгардаг. Мөн “Их дуулга” тэмцээний хоёр дахь цуврал болох Францын нээлттэй тэмцээн зургаадугаар сард Парис хотод болж сая, сая жуулчдыг татаж чаддаг билээ. Английн Лондон хотод ирэх сард “Уимблдон” болж дэлхийн шилдэг теннисчид цугларна. Харин “Их дуулга” тэмцээний сүүлийнх болох Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод наймдугаар сард нээлтээ хийнэ. Эдгээр дөрвөн цуврал тэмцээнд түрүүлэх байтугай оролцох эрх авахын тулд л дэлхийн чансааны оноогоос гадна урьдчилсан цуврал тэмцээнд оролцож байж ялагч болох учиртай. Шагналын сангаараа дэлхийн тамирчдын анхаарлыг татах болсон теннисний “Их дуулга” тэмцээнээс үе үеийн алдартай тамирчин болон тэрбумтнууд төрсөөр байна.

Идэр насандаа тэрбумтан болж буй алдартнууд
Өнгөрөгч зургаадугаар сард болсон Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Испанийн теннисчин Карлос Алькарас 2550000 еврогийн мөнгөн шагнал хүртсэн. Энэ жил 22 настай Алькарас тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлжээ. Мөн “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Түүний нийт шагналын сан одоогоор 44 сая 732 мянган ам.долларт хүрчээ. Мөн тус тэмцээний дэд аварга болсон Италийн теннисчин Янник Синнер 1275000 еврогийн мөнгөн шагнал авсан байна. 23 настай итали теннисчин нийт 40 сая ам.долларыг тэмцээний шагналаас олжээ.
Энэ жил 21 настай АНУ-ын залуу теннисчин Коко Гауфф Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэхдээ 2550000 еврогийн мөнгөн шагнал авчээ. Түүний нийт тэмцээнээс олсон мөнгөн шагнал 27 сая ам.долларт хүрсэн байна. Залуу од Коко Гауфф “Форбес” сэтгүүлээс гаргасан 2024 оны дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн хамгийн их орлоготой Топ-20 эмэгтэй тамирчдыг жагсаахад зургаа нь теннисчид байсан юм.
Талбайн теннисний тэмцээний шагналын сангаас гадна тамирчид зар сурталчилгаанаас чамгүй орлого олдог. Энэ хэрээр дэлхийн орлого ихтэй тамирчдын жагсаалтын дээгүүр теннисчид үргэлж бичигддэг. Мөн дэлхийн шинэ одод ч теннисний талбайгаас төрсөөр байна.
Английн Лондон хотод болсон “Уимблдон” мөн л анхаарлын төвд байлаа. Энэ тэмцээн бусад “Их дуулга”-аас ялгаатай нь шороон талбайд болдог. Мөн албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч гэж нэрлэдэг учраа Уимблдон үргэлж олны хүрээнд байдаг. 137 дахь удаагийн тус тэмцээний нийт мөнгөн шагнал 50 сая евро. Мэдээж Францын нээлттэй тэмцээнтэй адил эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин хоёр саяас дээш еврогийн мөнгөн шагнал авсан. Зөвхөн тус тэмцээний эхний тойрогт ялалт байгуулсан тохиолдолд 60 мянган ам.доллароос дээш мөнгөн шагнал авсан байна. Тамирчид ганцаарчилсан төрлөөс гадна хос, холимог хосын төрөлд өрсөлддөг. “Их дуулга” тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус бүр шилдэг 128 теннисчин оролцох эрхтэй байдаг. Энд багтахын тулд дэлхийн чансаа болон урьдчилсан тэмцээний сонгон шалгаруулалтыг амжилттай давах учиртай. Энэ мэтчилэн теннисний ертөнцөд амжилт гаргаж цаашлаад “Их дуулга” тэмцээний босгыг давсан тамирчид өөрийн шагналын санг хэдэн саяар өсгөсөөр байна. Харин энэ боломжид манай тамирчид хэзээ хүрч чадах вэ? Энэ асуултын хариуг бид хэзээ авч болох вэ? Энэ мэтчилэн сонирхол татсан асуулт гарч байгаа ч манай залуучуудын авьяас, ур чадвар Ази тивдээ үнэлэгдэж эхэлсэн. Монголын өсвөрийн тамирчид шат дараатай олон улсын тэмцээнд оролцож эхэлснээс хойш чансааны оноо тогтоох цуврал тэмцээн, Азийн зуны спортын наадам зэрэг томоохон тэмцээнд эх орныхоо нэрийг гаргасаар байна. Талбайн теннисний танхимын сургалтууд олширч эхэлснээс хойш сүүлийн жилүүдэд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид эрс нэмэгдсэн. Монголын өсвөр, залуучуудын баг Азийн орнуудын шилдэг багуудтай тоглож дэлхийн чансааны оноог авч эхэлсэн билээ. Мөн Европ болон Азийн оронд суралцаж байгаа оюутнууд талбайн теннисний спортыг сонгох болж шат шатанд ахиц гарч эхэллээ.
АНУ-д тэтгэлэгтэй суралцах боломж
Нэгэн жишээ: 12 дугаар ангиа дүүргэж Европ тивд суралцахаар болсон нэгэн оюутан талбайн теннисний спортыг сонгох болжээ. Учир нь, Европт өндөр түвшинд хөгжсөн талбайн теннисний спорт нь зарим их, дээд сургуулийн хөтөлбөрт зайлшгүй багтдаг байна. Мөн гадаадын оюутан элсүүлэхийн тулд тэтгэлэгт тусгай хөтөлбөр байдгаас спортын төрлөөр өндөр амжилт гаргасан тамирчдыг урих боломжууд их болсон. Охинд ч энэ боломж гарсан байна. Гэхдээ дунд сургуулийн сурагч байхдаа талбайн теннисний спортыг сонирхож байгаагүй түүнд өөрийн сонгосон мэргэжлээрээ Европт суралцахын тулд теннисний цохиур барьж тоглож сурчээ. Түүний хувьд эх орондоо хэдэн сар хичээллэсний дараа анхан шатны мэдэгдэхүүнтэй болж Европ тивийг зорьсон байна.
Энэ мэтчилэн Ази, Европ, Америк, Австрали тивд өндөр хөгжиж буй талбайн теннисний спорт сая, сая хүний сонирхлыг татаж, их сургуулийн дагнасан хөтөлбөр ч олон болжээ. Манай улсад ч энэ спорт хөгжиж бид “Ханжоу 2022” Азийн зуны спортын наадмаас шигшээ багийнхаа шилдэг тоглолтыг харсан. Тухайн үед Ч.Маралгоо, Ч.Мартаа нарын эгч дүүс талбайн теннисний төрлөөр эх орноо төлөөлөн оролцож эхний ялалтыг авсан билээ. Мөн Ч.Маралгоо БНХАУ-ын алдарт теннисчин Жэнь Чин Вэнтэй хоёрдугаар тойрогт тоглосон тоглолт Монголын талбайн теннисний түүхэн үйл явдлын нэг болон үлдсэн. Хятад улсад төдийгүй дэлхийн дахинд алдаршиж байгаа тамирчинтай Ч.Маралгоо тоглосон нь 2023 оны онцлох тоглолт болж байв. Энэ тоглолтыг харсан монголчууд талбайн теннисээр амжилт үзүүлэх боломж бидэнд байгааг анзаарсан. 20 насандаа Азийн наадмын аварга болсон Жэнь Чин Вэн өдгөө дэлхийн чансааны тавд бичигдсэн алдарт тамирчин болсноос гадна нийт 9677000 ам.долларыг зөвхөн тэмцээний шагналаас олоод байна. Мөн тэрээр “Парис 2024” зуны олимпын наадамд түрүүлж, БНХАУ-ын түүхэнд талбайн теннисээр олимпын аварга болсон анхны тамирчин болсон юм. Энэ хэрээр түүний орлого нэмэгдэж, тэр хэрээр ашгаа авсаар...
Алдарт Жэнь Чин Вэнтэй тоглосоны дараа Монголын залуу тамирчдын амжилт эрс сайжирч том итгэл найдвар болсон. Мөн Азийн наадмын дараа Ч.Маралгоо АНУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэг авч өдгөө талбайн теннис тоглох зуураа тус улсад суралцаж байна. Тэрээр энэ сард Intercollegiate Tennis Association (ITA)-аас гардуулдаг хамгийн ахиц гаргаж буй тоглогчийн нэр хүндтэй шагналын эзэн болсон. Ч.Маралгоогийн араас Ч.Мартаа мөн л талбайн теннисээр АНУ-ын их, дээд тэтгэлэгтэй суралцах урилга авчээ. Энэ мэтчилэн манай тамирчдад дэлхийн “Их дуулга” тэмцээнд тоглох итгэл найдвар байсаар байгааг дээрх тохиолдлоос харж болно.

