
Ховор төрлийн эбола вирусийн халдварын улмаас аль хэдийн 250 орчим хүн нас бараад байгаа билээ. Уг өвчний эсрэг гурван шинэ вакцин боловсруулж эхэлжээ.
Нэг вакцин дээр ажиллаж буй Олон улсын ДОХ-ын вакцины санаачилга (International AIDS Vaccine Initiative) байгууллагын мэдээлснээр одоогийн дэгдэлт нь түүхэн дэх хамгийн том эболагийн дэгдэлт болох аюул нүүрлээд байна.
Мөн Оксфордын Их сургууль, Модерна эболагийн Бундибугио (Bundibugyo) төрөл зүйлийн эсрэг вакцин боловсруулж буй. Эдгээр гурван төслийг санхүүжүүлж буй Coalition for Epidemic Preparedness Innovations байгууллага “өдөр бүр үнэтэй” хэмээн мэдэгдэв.
Одоогоор Бүгд Найрамдах Конго улсад эболагийн сэжигтэй 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол хөрш Угандад есөн батлагдсан тохиолдол илэрчээ.
Мөргөлдөөнтэй бүс нутагт, эрүүл мэндийн нөөц боломж хязгаарлагдмал орчинд халдвар хэдийн тархсаны дараа дэгдэлт илэрсэн тул энэ удаагийн тархалт 2014–2016 онд Баруун Африкт болсон хамгийн том дэгдэлтийн хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Тухайн үед бараг 29 000 хүн халдвар авч, 11 000 гаруй хүн нас барсан юм.
Олон улсын ДОХ-ын вакцины санаачилга байгууллагын тэргүүн Марк Фейнберг “Энэ дэгдэлт тухайн үеийнхтэй адил хэмжээний, бүр түүнээс ч илүү ноцтой болох аюул нүүрлээд байна гэж би бодож байна. Вакцин болон бусад хамгаалах арга хэмжээг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт мөн” гэжээ.
Эболагийн төрөл зүйл бүрт тус тусын вакцин шаардлагатай байдаг.
Нийт зургаан төрөл зүйл байдгаас гурав нь л хүн төрөлхтний дунд томоохон дэгдэлт үүсгэдэг гэж тогтоогдсон байна.
Хамгийн түгээмэл тохиолддог Заир (Zaire) төрлийн эболагийн вакцин хэдийнэ бий болсон ч энэ удаагийн дэгдэлтийг Бундибугио төрөл үүсгэж байгаа юм. Бундибугио төрөл өмнө нь ердөө хоёрхон удаа бүртгэгдэж байсан, мөн батлагдсан вакцин байхгүй төрөл аж.
Олон улсын ДОХ-ын вакцины санаачилга байгууллага Заир төрлийн вакцины өөрчилсөн хувилбарыг ашиглан Бундибугиогийн эсрэг вакцин бүтээж байна.
Туршилтын вакциныг сармагчин дээр туршихад дархлааны тогтолцоог хурдан идэвхжүүлж, бараг 100 хувийн хамгаалалт үзүүлжээ.
Фейнбергийн хэлснээр вакциныг клиник туршилтад бэлэн болгоход долоогоос есөн сар шаардлагатай аж. Гэхдээ судлаачид энэ хугацааг богиносгохоор ажиллаж байгаа юм.
Үүний зэрэгцээ Модерна компани Ковид-19 цар тахлын үеэр вакцин хурдан боловсруулахад ашигласан mRNA технологио Бундибугиогийн эсрэг вакцин бүтээхэд ашиглаж байгаагаа зарлав.
Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефани Бансел “Бид яаралтай бөгөөд шинжлэх ухааны өндөр стандарттайгаар ажиллаж, энэ дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээнд хувь нэмэр оруулан, шаардлагатай байгаа олон нийтэд вакциныг ойртуулахын төлөө ажиллана” гэжээ.
Мөн Оксфордын их сургууль Ковид-19-ийн үед олон хүний амь насыг аварсан өөрийн вакцины технологийг ашиглан шинэ Эболагийн вакцин боловсруулж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна.
Энэхүү вакцин нь хоёроос гурван сарын дотор клиник туршилтад бэлэн болно гэж үзэж байгаа аж.
Гурван вакцин бүгд вирусийн гадаргуу дээр байрладаг Бундибугиогийн гликопротейн (Bundibugyo glycoprotein) хэмээх бүтцийг дархлааны системээр таньж сурахад чиглэж байгаа боловч өөр өөр технологи ашиглаж байна.
Олон улсын ДОХ-ын вакцины санаачилга байгууллагын вакцин нь амьд боловч хоргүй вирусийг генийн аргаар өөрчилж, түүнд Эболагийн гликопротейнийг агуулуулсан байдаг.
Дархлааны систем хоргүй вирусийн эсрэг тэмцэх явцдаа Эболаг мөн таньж сурдаг байна.
Харин mRNA вакцин болон Оксфордын вакцин нь генетикийн кодын жижиг хэсгийг хүний биед оруулдаг. Тэрхүү код биед орсны дараа Бундибугиогийн гликопротейн үүсгэх заавар өгдөг бөгөөд бие махбод үүнийг гаднын биет гэж танин эсрэг хариу урвал үүсгэдэг. Ингэснээр жинхэнэ Эболагийн халдвар орж ирэх үед дархлааны тогтолцоо урьдчилан бэлтгэгдсэн байдаг аж.
Гэсэн хэдий ч эдгээр технологийн ялгаа болон дархлааны системийг сургах арга барилын онцлогоос шалтгаалан хамгаалах түвшин, шаардлагатай тунгийн тоо өөр байж болзошгүй юм. Эдгээрийг бүгдийг клиник туршилтаар баталгаажуулах шаардлагатай.
ДЭМБ-ий Ерөнхий захирал Тедрос Адханом Гребрейсус “Бундибугиогийн вакцин нь энэхүү тархалтыг хяналтдаа авахад туслахын зэрэгцээ ирээдүйн дэгдэлтүүдэд бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байж чадна” гэж мэдэгдсэн байна.