
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 62 кг, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан болж медальтнууд тодорно.
62 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр дагах барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн бөх Мансиг оноогоор цэвэр ялж, Казахстаны Тыныс Дубектэй орой барилдана.
С.Цэрэнчимэд эхний тойрогт Хойд Солонгосын тамирчин Мүн Хён Гёнд ялагдсан. Гэвч Мүн Хён Гён финалд шалгарсан учир манай бөхөд дагах барилдаан гарсан юм.
57 кг-д ОУХМ Б.Хулан алтан медалийн төлөө барилдахаар болсон. Мөн 72 кг-ын жинд Э.Одгэрэл хүрэл медалийн төлөө барилдаж манай эмэгтэй бөхчүүдийн барилдаан өндөрлөнө.
Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан Улаанбаатарын цагаар 19:00-с эхэлнэ.