
Умард Солонгосын “Лазарус” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хакерууд аравдугаар сард Өмнөд Солонгосын 30 серверийг кибер халдлагын боломжит бай болгон тодорхойлсон тухай кибер аюулгүй байдлын компанийн нийтэлсэн тайланд дурджээ.
Cyfirma компанийн мэдээлснээр, солонгос хэлээр ярьдаг хакеруудын бүрдүүлсэн 10 улсын 216 серверийн жагсаалтыг тус компани олж авсан байна. Уг жагсаалтад төрийн байгууллагууд, банкууд, харилцаа холбооны компаниуд болон дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын серверүүд багтжээ.
Нийт серверийн 30 нь Өмнөд Солонгост байрлаж байсан аж. Нийт 216 серверийн анхны жагсаалтыг аравдугаар сарын 24-нд эцэслэн боловсруулсан болохыг тайланд дурдсан байна.
Бүс нутгаар нь авч үзвэл, Ази, Номхон далайн бүс нутагт 148 сервер бай болсон бол Хойд Америкт 49, Ойрхи Дорнодод 19 сервер байжээ. АНУ болон Япон улс нийлээд нийт бай болгосон серверүүдийн 44.4 хувийг эзэлж байгааг Cyfirma компани нэмж мэдээллээ.
Кибер аюулгүй байдлын тус компани хакеруудыг “Лазарус” бүлэглэлийн экосистемтэй холбоотой гэжээ. Тэдний зорилго санхүүгийн ашиг олох,тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагаа байж болзошгүй гэж үзсэн байна. Гэхдээ серверүүдийг халдлагын бай болгон жагсаасан нь тэдгээрт амжилттай нэвтэрсэн гэсэн үг биш гэдгийг Cyfirma онцолжээ.
Түүнчлэн зөвхөн вэбсайтын аппликейшнуудыг шинэчлэх нь аюулгүй байдлын эмзэг байдлыг арилгахад хангалтгүйг анхааруулж, системийн администраторуудад аюулгүй байдлын засвар шинэчлэлтүүдийг суулгаж, өртсөн программуудыг дахин эхлүүлэхийг зөвлөсөн байна.