
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуваарьт багтсан "Улаанбаатар опен-2026" сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн чансааны оноо цуглуулах нээлттэй тэмцээнд 20 гаруй орны бөхчүүд барилдаж байна.
Сонгомол бөхийн 130 кг-ын жинд хүч сорьж буй U20 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б.Намбардагва хагас шигшээд Казахстаны тамирчин Олжас Сырлыбайг 2:1-ээр ялж аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Ким Минсеоктой барилдана.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн барилдаан эхэллээ. 53 кг-ын хагас шигшээд Б.Отгонтуяа дэлхийн аварга, Японы тамирчин Мое Киёоокад ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа Хойд Солонгосын Пёл Хонгт ялагдлаа. Пёл Хонг аваргын төлөө Энэтхэгийн Нехатай барилдахаар болсон. Х.Болортуяагийн хувьд хүрэл медалийн төлөө барилдана.
Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна.