
Төв суурингийн бид цахим хичээлийн талаар ам уралдан шүүмжилж суухад алслагдсан нутгийн сурагчид хасах 40 хэмд модон жорлонтой байгаа нь боловсролын тэгш бус байдлын нэг л жишээ төдий. Ухвал энэ байтугай юм гарна.
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 870 хүүхдийн
сургууль бүх танхимаа ил зуухаар галлаж халааж байна;
- Орон нутгийн 500 орчим
сургууль, цэцэрлэг модон жорлонтой;
- Цар тахлын үед цахим болон теле хэлбэрээр
хичээллэснээс 417 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд өртжээ;
- Хөдөө орон
нутгийн олон айл өрх интернэтэд холбогдохын тулд 20–30 км хүртэл аялж сумын төв
рүү очих шаардлагатай;
- Хөдөө орон нутгийн цахим хичээлд холбогдох тогтмол
цахилгаан, интернэт асуудалтай;
- Зарим орон нутгийн сургуульд интернэт хурд 1
MB–4.3 MB хүртэл бага байж онлайн, видео хичээл авахад хүндрэл үүсдэг;
- Малчин
өрхийн хүүхдүүдийн 67.2 хувь нь тв хичээл огт үзэж чадаагүй.
Дээр дурдсан асуудлууд зарим орон нутагт дангаараа, заримд нь давхцаж байдаг хүндрэлүүд. Орон нутгийн сурагчдын, тэр дундаа алслагдсан аймаг, сумдын сурагчдын боловсрол “олж авах” зам ямар их саад бэрхшээлтэй тулгардгийг харуулсан жишээнүүд Монгол Улсад боловсролын тэгш бус байдал хэр ноцтойг харуулдаг ч бодитой ажил хэрэг болох нь ховор. Шөнө бүр хаздаг бясаатай, дусаал гоождог тааз, мөөгөнцөртсөн хана, эвдэрхий хаалга, цонхтой дотуур байранд байрлаж, галладаг ангид гар утасныхаа гэрлээр хичээллэдэг сурагчид эцэг эхээсээ хол хар нялхаасаа хал үзэж, халуун чулуу долоон амьдрах нь боловсролын тэгш бус байдлаас гадна, хүүхдийн эрхийн асуудлыг ч давхар хөндөнө. AI байтугай эдүтэн хичээл энэ хүүхдүүдэд хэр хол байхыг төсөөлөөд үзээрэй.
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг
Цахилгаангүй байршилд амьдардаг, телевизгүй, интернэтгүй айлын хүүхдүүд, уулын бүсэд нутагладаг малчин айлын хүүхдүүд, дундаа ганцхан телевизтэй асрамжийн газрын хүүхдүүд хичээлд хамрагдаагүй тул хоцорсон кейс гарсан.
Монгол сурагчид OECD-ийн орон буюу Европын улсуудаас тоо бодох дундаж чадварын хувьд 2-3 жилийн хоцрогдолтой байна гэж ойлгож болно. Азийн орнуудтай харьцуулахад 2 орчим жилийн хоцрогдолтой гэдгийг PISA-гийн үнэлгээ харуулсан. Харин эх хэлээрээ уншиж, бичих чадварын хувьд уншиж буй эхээ хүүхэд ойлгож уншиж чадаж байна уу, ойлгосноороо хүүхэд өөрийгөө илэрхийлэх эсээ бичиж чадаж байна уу гэдэг Европын холбооны дундаж 476 байхад Азийн дундаж 427, Монгол Улсынх 378 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн 81 орноос 65 дугаарт буюу таван ангийн хоцрогдолтой, тивийнхээ хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарсан. Байгалийн ухаанаар Азийн хүүхдүүдээс 1.8 жилийн хичээлийн хоцрогдолтой байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалан
Төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа гараагүй. Хамгийн гол нь хотын сургууль, хөдөөгийн сургуулийн ялгаа их гарсан байна. Сумын хүүхдүүдийн боловсролын түвшин хотын хүүхдүүдийнхээс дунджаар 2.5 жилийн хоцрогдолтой. Аймгийн төвийн хүүхдүүд дунджаар нэг жилийн хоцрогдолтой явж байна.
Орон нутгийн сурагчдын хоцрогдлыг нэг талаараа техник технологи, сурагч болон багшийн суралцах орчин нөхцөлтэй холбож ойлгож болно. Тиймдээ ч салбарын сайд нь бүх багш нарт “Google” компанитай хамтран ажиллах хүрээнд Chromebook олгож, бүх сургуульд цахим танхимыг бий болгоно гэсэн өөрийн шийдлээ ярьсан. Үнэндээ багш, сурагчид интернэтгүй бол хамгийн сүүлийн үеийн утас, компьютер байгаад нэмэргүй гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн оны 2 дугаар сард Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуульд ажилласан. Тус сургуулийн 10-12 дугаар ангийн 35 хүүхэд “Мэдлэ” сургуулийн хичээлд хамрагддаг ч тохиолдолд “Мэдлэ” сургуулийн цахим хичээлдээ ороход интернэтийн хурдаас шалтгаалж нэвтэрч чадахгүй байгаа тухай, цахим хичээлээс хоцорсон тохиолдол “тасалсан” гэж бүртгэгдэж байгаа тухайгаа хэлснээр нөхөн хангалтын зардалд 2024 онд 26 сая төгрөг хуваарилж, ухаалаг анги тохижуулж, анги бүрийг ухаалаг дэлгэцтэй болгожээ. Гэсэн ч сурагчдын хоцрогдол арилсан гэх үзүүлэлт гарсангүй.
Цар тахлаас манай улсын боловсролын салбар ганц л зүйлтэй үлдсэн нь цахим хичээл гэх “өвчин”.
Цас орж шуурахаас эхлээд цагаан, улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэх, ханиад томуугийн дэгдэлт ихсэхэд ч ЕБС-ийн сурагчдыг цахим хичээлд шилжүүлэх нэрээр хичээл завсардуулах явдал гаарсан. Цар тахлаас сургамж биш буруу “шифи” л авсан нь энэ. Ковид19-ийн үеийн туршлагаас харахад сурагчид цахим хичээлд хамрагдахын тулд интернэт холболт, төхөөрөмж (компьютер, ухаалаг гар утас) шаардлагатай байсан ч олон өрхөд нэгээс дээш хүүхдэд нэг төхөөрөмж хүрэлцэхгүй (жишээ: 23 000 гаруй өрхөд дөрвөөс дээш 16-аас доош насны хүүхэд байсан ч бүх хүүхдэд нэг төхөөрөмж олдохгүй байсан) байв. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн цахим хичээлд холбогдох тогтмол цахилгаан, интернэт асуудалтай байсан. Энэ нь зөвхөн холболт бус, технологийн хүртээмж ба өрхийн нөөцийн хомсдол нь онлайн хичээлд хамрагдах боломжийг бууруулж байсныг харуулсныг “Mongolia news summary for august-24-2024” судалгаанд дурджээ.
ЮНЕСКО-гоос Боловсрол ба технологи: ХЭНИЙ ТАЛД ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГСЭЛ ВЭ? (Global Education Monitoring Report 2023) тайлан гаргасан байдаг. Технологи нь боловсролын чадавхийг өргөжүүлэх боловч ялгаврыг бий болгодог гэдгийг тайлангаар гаргаж ирсэн нь манай улсад хамгийн их хамаатай асуудал юм. Технологийг боловсролыг хүртээмжтэй, чанартай хүргэх нэг төрлийн шийдлийн хэрэгсэл болгон ашиглаж болно.
Гэхдээ дижитал боломжийн хүртээмж нь янз бүр байвал ялангуяа алслагдсан, ядуу орон нутгийн сурагчид, багш нар шаардлагатай хандалт, төхөөрөмж, ур чадваргүй байдгаасаа шалтгаалан боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг тайланд онцолсон. “Технологи бол зорилго биш — сургалтын үр дүн нь зорилго” шүү хэмээн тайлбарласан уг мониторингийн тайланд “Технологи дангаараа сургалтын чанарыг сайжруулах баталгааг өгдөггүй. Багшийн удирдлага, сурлагын орчин, соёл-нийгмийн дэмжлэг шаардлагатай” гэдгийг онцолжээ. Интернэт сүлжээ жигд, хангалттай тархаагүй, интернэт бүү хэл үүрэн телефон ч бүрэн сүлжээнд холбогддоггүй манай улсын хувьд орон нутгийн сурагчдыг улам хойш нь татаж болзошгүй гэдгийг Ковид19 цар тахлын гашуун туршлагад тулгуурлан анхааруулав.
“Mongolia news summary for august-24-2024” судалгаанд Монгол Улсын хэмжээнд сургуулийн барилгуудын 67.3 хувь нь интернэтэд холбогдсон гэж мэдээлэгдэж байна. Гэхдээ энэ тоо нь хурд буюу тогтвортой байдалтай хамааралгүй бөгөөд зарим орон нутгийн сургуульд интернэт хурд 1 MB–4.3 MB хүртэл бага байж онлайн, видео хичээл авахад хүндрэл үүсдэг гэж тэмдэглэсэн. Энэ нь холбогдсон сургууль олон байж болох ч интернэтийн хурд, тогтвортой байдал нь өгөгдлийн хэрэглээнд хүрэх боломжгүй түвшинд байж болохыг харуулж байна.
Сурагчдын сурлагын хоцрогдол 2022-2023 оны хичээлийн жилд нөхөгдөж чадсан эсэхийг тодруулахад нийт багш нарын 13.5 хувь санал нийлж, 49.2 хувь нь дундаж, 37.3 хувь нь санал нийлэхгүй гэж хариулжээ.
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө (2021-2023)”-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээнээс
Боловсролын байгууллагууд ямар ч шалтгаанаар бай сургалтын үйл ажиллагааг хааж, цахим сургалтад шилжүүлснээр өрхийн дата хэрэглээ 20 хүртэл хувиар огцом өсдөг. Энэ нь өрхийн эдийн засагт тооцоолоогүй зардал үүсгэж, улмаар дижитал ялгааг улам гүнзгийрүүлдэг байна. Цахим, онлайн гээд юу ч гэж нэрлэсэн бай интернэт болон гар утас, таблет, компьютер ашиглан суралцах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засгийн газар орлогын тэгш бус байдал, интернэт сүлжээний хүрэлцээ, холболтын байдлыг хангалттай авч үздэггүй. Бага орлоготой, алслагдсан орон нутгийн сургуулийн болон өрхийн хүүхдүүд боловсролын байгууллагууд хаагдсаны хамгийн хүнд үр дагаврыг амсана гэх төсөөлөл тэдний төлөвлөгөөнд хэзээ ч багтдаггүй.