Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.
Тэрээр" Иргэд өнөөдрөөс эхлэн нээлттэй системээр өөрт ойрхон салбараас эмийн үнийн мэдээллийг харах боломжтой болж байна. Уг систем нь 2605 эмийн сан, Монгол Улсын бүртгэлтэй эмийн жагсаалтад идэвхтэй худалдаалагдаж буй 2565 эмийн үнийн мэдээллийг газар зүйн байршлаар иргэнд ил тод харуулах юм. Системд үнийн мэдээллийг ил тод гаргахаас гадна хэрэглэх зааврыг монгол хэлээр бичсэн байгаа. Тухайлбал, иргэдийн өргөн хэрэглэдэг хоол шингээх зориулалттай мезимфорте эмийг хэрэглэх заавар, хориглох зүйлс болон аль эмийн санд, ямар үнээр худалдаж байгааг дэлгэрэнгүй харах боломжтой.
Энэхүү мэдээллийг иргэд "Эрүүл мэндийн хөгжлийн төв" веб сайтаар ороод ЭМЯ-ны сайт руу хандан эмийн үнийн мэдээллийг харах боломжтой. Мөн "И-баримт" системээр дамжин орж харж болно.
Эмийн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилдэг. Өмнө нь төрөөс эмийн үнийг зохицуулах гэж оролдсон болов ч хувийн бизнес учир үр дүнд хүрээгүй. Харин энэ системээр иргэд мэдээлэлтэй болж, сонголтоо хийх боломжтой болж байна. Улаанбаатар хотод 386 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, ханиадны терафлю гэж эм зарим эмийн санд 9000, заримд нь 11 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үүнийг иргэн системээс хараад аль эмийн сангаас эмээ авахаа шийдэж болно. Эмийн сангууд ч энэ мэдээллийг харах тул ямар үнээр борлуулж байгаагаа мэдэх боломжтой. Энэ бол зах зээлийн зарчим юм. Орон нутгийн иргэд ч энэ системийг ашиглах боломжтой.

Одоогоор уг системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Дараагийн шатны ажил нь улсын хилээр орсон бүх эм болон эмнэлгийн хэрэгслийг бүртгэнэ. Эмийн хугацаа хэзээ дуусахыг мөн нэгдсэн системээр мэдээлнэ. Хамгийн гол нь энэхүү системийн гол зорилго нь иргэдэд нээлттэй мэдээллийг хүргүүлэх мөн эмийн сангууд ялгавартай байдлаар үнийн дүнг өөрчилдөг байдлыг ил тод харуулж иргэдийн сонголтыг дэмжиж байгаад оршиж байна" гэлээ.