
Сүүлийн таван жилийн хугацаанд Афганистаны эмэгтэй хөлбөмбөгчид Австрали, АНУ болон Европт тархан цөллөгт амьдарч, улсынхаа шигшээ багийг албан ёсоор төлөөлөх боломжгүй байсаар ирсэн. Харин дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллагын дүрэмд оруулсан түүхэн нэмэлт өөрчлөлт энэ байдлыг өөрчилж байна.
Мягмар гарагт ФИФА-гийн гаргасан шийдвэрийн дагуу афган эмэгтэй тоглогчид анх удаа албан ёсны олон улсын тэмцээнд Афганистаны эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэрээр, бүрэн зөвшөөрөлтэйгөөр оролцох эрхтэй боллоо.
Канадын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод болсон ФИФА-гийн зөвлөлийн хурлаас гаргасан уг шийдвэр нь урьд өмнө мөрдөж байсан, тухайн улсын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан шигшээ багийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн дүрмийг өөрчилсөн байна. 2021 онд Taлибан засгийн эрхэнд дахин гарснаас хойш Афганистаны хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар эмэгтэй тоглогчдыг олон улсын тавцангаас шахан гаргасан юм.
Шинэ нэмэлт өөрчлөлтөөр ФИФА-гийн зөвлөлд онцгой нөхцөлд үндэсний багийг бүртгэх эсвэл батлах эрх олгож байгаа бөгөөд энэ нь тоглогчдыг өөрсдийн буруугүй нөхцөл байдлын улмаас олон улсын хөлбөмбөгөөс хасагдахаас хамгаалах зорилготой юм.
“Энэ бол дэлхийн спортын түүхэнд урьд өмнө байгаагүй алхам” гэж ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино мэдэгдэлдээ дурдсан байна. “Афган эмэгтэйчүүдэд эх орноо төлөөлөн албан ёсны тоглолтод оролцох боломж олгосноор бид зарчмыг бодит үйлдэл болгож байна” гэж тэр хэлжээ.
Цөллөг дэх эмэгтэйчүүдийн баг
Тус баг ФИФА-гийн дэмжлэгтэй дүрвэгчдийн баг болох “Afghan Women United” нэрээр тоглож байсан бөгөөд 2021 онд Taлибан дахин эрхэнд гарч, эмэгтэйчүүдийн зохион байгуулалттай спортыг шууд хориглосноос хойш энэ шийдвэрийг гаргуулахаар тэмцэж иржээ.
Тоглогчид нуугдах шаардлагатай болж, зарим нь өөрсдийн хэрэгсэл, медалиа булж эсвэл орхин гарсан байна. Дараа нь багийн хуучин ахлагч, идэвхтэн Калида Попалын оролцоотой зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаар олон арван тоглогчийг гадаад руу гаргасан юм.
Үүнээс хойш тэд зөвхөн тоглох эрхийн төлөө төдийгүй ФИФА-гаас өөрсдийг нь Афганистаны албан ёсны эмэгтэй шигшээ баг хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жил тэмцсэн байна.
“Бид ‘дүрвэгч’ гэж дуудуулахаас залхсан” гэж тоглогч Зайнаб Мозаффари CNN Sports-д ярьжээ. Мягмар гарагийн шийдвэр тэдний энэ гомдлыг шууд шийдвэрлэж байгаа юм.
Тус баг өнгөрсөн аравдугаар сард Мароккод ФИФА-гийн зохион байгуулсан албан бус тэмцээнд оролцсоноор олон улсын тавцанд эргэн гарч эхэлжээ.
“Эдгээр тоглогчдын хувьд Афганистаныг төлөөлөх нь зөвхөн спорт биш, харин өөрийн үнэмшил, нэр төр, итгэл найдварын асуудал” гэж Калида Попал мэдэгдсэн байна.
Энэхүү өөрчлөлт Афганистанд 2027 онд Бразилд болох эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад оролцох эрх авахад оройтсон ч, 2028 онд Лос-Анжелест болох олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнд оролцох боломжийг нээж байна.
Зургаадугаар сарын эхний долоо хоногт Шинэ Зеландад бэлтгэлийн бааз зохион байгуулагдаж, тус баг Күүкийн арлуудын багтай тоглохоор төлөвлөжээ. ФИФА мөн шилжилтийн хугацаанд хоёр жил хүртэл санхүү, техникийн болон хүний нөөцийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Энэхүү дүрмийн өөрчлөлт нь зөвхөн нэг улсад хамаарахгүй бөгөөд цаашид өөрийн тоглогчдыг ялгаварлан гадуурхдаг аливаа улсын холбоонд хэрэгжих боломжтой жишиг тогтоож байгаа юм.