Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж үг хэллээ.
Тэрээр, монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.
Ялангуяа төрт ёсны уламжлал, түүх, соёл, бэлгэдэл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг гээд нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг, соёлын хосгүй өв гэдгийг онцоллоо.
Мөн өвөг дээдсийнхээ уран дархны ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулан, улс орныхоо түүх, өв соёлыг бүтээж байгаа дархад, урлаачдад сайн сайхныг хүсэж, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын ерөөл дэвшүүллээ.
Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэснээс ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардууллаа.