
(Дурсамж)
Маргааш цагаан сар болно. Хүүхэд байхдаа ёстой л хуруугаа гаргаж ирээд хоног тоолон хүлээдэг байсан баяруудын нэг бол цагаан сар. Харин орчлон хорвоогийн нэгээхэн зайдах цасан хөнжилд умбасан талын дунд зээгт наамал адил цоролзсон Хүнхэлдэйн уулын энгэрт угтдаг асан тэр л баярын өмнөх эл өдөр хааяахан хөндүүр төрүүлэх болжээ. Учир нь аавгүй угтсан арван хоёр дахь өглөөний шинийн нэгний нарыг маргааш үзэх гэж байна.
Битүүний өдөр аав бид адуундаа морддог байлаа. Тал газар жавраа зөөллөсөн тийм өдрүүдээр морин дэл дээр уурга суналзуулан арын энгэр дэх адуу өөд цас бударган одох сайхан. Уургаа өөрөө янзалж, унах морио өөрөө зүсэлж өгнө. Аав минь "Эр хүн эмээллэх морио өөрөө барьдаг юм" гэхэд би цасан хунгар арилаагүй уулын арын энгэрээр идээшилж зогсоо адуугаа шагай шиг хумин цуглуулаад унах мориныхоо толгойд уургын хуйв алдалгүй тохдог сон. "Ээждээ хоёулаа ярих зүйлтэй боллоо" гээд аав минь ихэд баярлана. Заримдаа эрдэнийн молор толгойг нь олохгүй зүднэ. Тэгэх бүрийд сүүлдээ гар бээрчихдэг сэн. Угтаа гар биш уцаарласнаасаа болоод ухаан бээрсэн нь тэр. Аав харин гаансаа сорон тэртээд харж сууснаа, гутлынхаа хоншоорт цохин унтраагаад мордож буй үзэгдэнэ. Хатируулаад ирэхээс нь өмнө уургалаад авчихвал гэж дотроо сэтгэхэд хариугүй бээрэх гэж буй гар нударган дээлийн илчинд эргээд дулаацна.
Тэртээ арав гаруй жилийн эл өдрүүдийг нэхэн санах бүрд гэрийн баруун урд дахь уулын налуу унжсан гуу дээр аав минь маргааш унах морьдоо барьчихаад дэлийг засаж зогсдог асныг дурсана. Аав минь адуучин хүн болохоор морьдынхоо дэлийг тун сайхан засдаг сан. Битүүний өдрөөс хэд хоногийн өмнө дэлийг нь засаад тавьчихсан боловч эл өдөр морьдоо барьж уячихаад хэсэг харж зогссоноо сэтгэлд нь хүрээгүй бололтой дахиад л хадганд ороож тамганыхаа дээдэх унинд хавчуулсан хайчаа бариад уяа өөдөө алхана. Дэлийг нь зассан хос морьдтой саахалт айлын гадна шинийн нэгэнд дөрөө мултлах шиг баяр үгүй. Ийм дурсамжууд эхэлж харвах, үүтгэх дурсамжийг хорвоо үргэлжлэл болгон үр заяанд оршоодог байж ч мэднэ.
"Адуугаа сайхан унаж, эдэлж, эмээлийн ганзагаа эрчлүүлэхгүй болтол татаж сур" гэж аав бас захина. Аль сайхан хүлгүүдээ адуунаасаа барьж хазаар дүрэхэд, дүүхэлзсэн тэдгээр аргамаг зэл шиг урт уяаг дорхноо дүүргээд морь хантайрах зайгүй ч болчих нь бий. Оройн нарны шаргал туяанд олон морьд эгнэсэн уяа ширтэх суух таатай. Битүүний орой тогтуун, уяан дээрх хүлгүүдийн хамраас уур савсаж, цаанаас нь шижиртэх нарны туяа тэнгэрийн хээлийг тавгын идээний боов шиг шаргалтуулна. Тэр л шаргал туяанд маргаашийн гэгээтэй ирэх сайн сайхан бүхэн цогцлоостой мэт санагдах амуй.
Ийм сайхнаас дахиж , тэр л сайхныг хөтлөн авчирсан бага насаа дурсах нь зөвтэй.
***
Яахав дээ, хүүхэд давснаас илүү чихэрт дуртай хойно айлаас бэлэг авах гэж тус баярыг хүлээдэг байсан нь мэдээж. Гэхдээ үүнээс илүү хөөр баяр авчирдаг нь дээр өгүүлсэн шиг ах, эгч нар бүгдээрээ шинэ дээлтэй нарыг угтдаг явдал байв. Ээж шинийн нэгнээс урьтаж үйл урлах ажлаа дуусгахаар олон шөнө нойргүй хононо. Тэгэхэд бид баярын эхний өдөр ээжийн урласан шинэхэн дээлээр гангарч, аав золгохоор ирсэн ах эгч нар, саахалт айлын хүүхдүүдтэй нийлж аваад цас бөмбийтөл хучсан цайдам талын дундуур нутгийн айлуудаар шинэлэхээр хамтдаа мордоцгоодог сон. Ганцаараа бол хонинд дурамжхан сажлуулдаг хүүхдүүд энэ өдөр хоорондоо уралдаж, аль болох цас ихтэй хунгарын туулж явдаг сан. Өвөл унахаар зэхсэн тарган морьдыг хэд хоногийн өмнөөс сайхан хөнгөрөөчихсөн тул ам нь халаад ирэхийн үест авч шуугичих гээд жолоогоо үе үехэн дугтчиж, хүмүүсийн дунд хөндөлсөнө. Олон хүний дунд аль болох ийм омголон морь унаж явмаар хүсэл тэгэх бүрийд улам их асдаг байж билээ.
Цагаан сарын битүүний урьд өдрүүдэд бүгд л эрвийх дэрвийхээрээ гэр орноо цэвэрлэх, хашаа хотоо янзлах ажилд идэвхийлэн оролцоно. Өглөө бүр үхрийн хөлдүүс түүж овоолох ба аав харин мал хуйгаа услахаар мордоно. Би хивс, ширдэг нэг бүрийг гэрийн хойно аваачиж овоолоод шинэхэн цасан дээр дэлгэж байгаад нарийн саваа модоор цохиж тоосыг нь гөвдөг сөн. Ээж, эгч хоёр түлээ түлш бэлдэж тавилгуудаа зүглэж, гэрээ угаана. Хэнд ямар бэлэг өгөх тухай ярилцаж, хуучин сонины цаас цуглуулж хавсаа боохоор бэлтгэнэ. Би өглөө бүр морины уяаны хомоолыг цэвэрлэж, хөлдөөд газартай хамт дагтаршсаныг нь лоомоор цохиж ховхлох ба ээжийн арганд дүүргэн хийгээд хол аваачиж асгана. Үүний дараагаар өвөлжөөний урд хөтөл дээрээс малын саравч, хашаа хотын гадуур нь бөртийх ч хоггүй, малын хүйдэсгүй цэвэрхэн болсныг харахад нэн таатай байдаг сан. “Хүн ер нь гэр орноо цэвэрхэн авч явах хэрэгтэй. Гадуур нь хог новш хөглөрсөн, ажилгүй айл их муухай харагддаг” гэж аав захина.
Битүүний орой болоход ээж цагаалга хийж, шинэхэн цай чанана. Дараа нь буузаа жигнэж гаргасны хойно тогоондоо цувдай хийж, аяга шар будаа цацаж буцалгаад “Нохойнуудаа эхлээд баярлуулчихъя. Тэгээд хэдүүлээ сайхан битүүлнэ ээ, алив миний хүү тотгон дээрээ гурван цас тавиад шар тос, цагаалганаас хүртээгээрэй” гэнэ.
Ээжийнхээ даалгаврын гүйцээж, Лхам бурханы ундыг бэлдсэн би бээр гэрэл түгээсэн гэрийнхээ үүдээр буцаж ороход аав, ах хоёр хойморт хөөрөг зөрүүлэн тамхилж, зурагтаар бөх харангаа ээжийн шинэхэн цай аягалж өгөхийг хүлээн сууна. Хоёр гурван хөтлийн цайна ойрхон өвөлжих саахалт айлынхан “Ахындаа ирж битүүлэхгүй бол болохгүй” хэмээсээр орж ирцгээнэ. Аав ч “Миний хөгшин наад үйлээ одоо орхичихгүй юу даа, нааш суу, хамтдаа цайгаа ууцгаая” гэнэ.
Хөдөөний хүмүүсийн амсхийх зав олддоггүй их ажлын чөлөөнд ийнхүү цас бургинах хаврын тэргүүн сарын өмнөх орой халуун ам бүлээрээ ширээ тойрон сууцгааж зоог барина. Аав хоолны дээж, идээ шүүснээсээ эхлээд бурханд тавьж дууссаны хойно сая нэг ам хүрцгээж, давс хужир нь хэрхэн таарсан талаар ярилцана. Одод тэнгэртэй алмааз адил тод гэрэлтэж, Хүнхэлдэй хайрхан наамал зураг шиг харлан хүнхийгээд хөмөрсөн цагаан шаазан шиг гэрээс утаа суунаглаж, тоонын завсраар харанхуй өөд туяарах гэрэл нь дотор суугаа халуун дулаан ам бүлийн хөөр баярыг илтгэх шиг болно.
Дараа нь нойр хүрч өгөхгүй зовооно. Аягүй бол ээж үнэг гүйх үүрээр босож цайгаа чаначихаад тэнгэрт дээжийг нь өргөхөөр гарчихад аав хэдийн адуугаа гаднаа хураачихсан байна даа гэж санана. Тийнхүү шинэхэн дээлээ өмсөж, шарга халзан мориндоо эмээлээ тохоод ах бид хоёр аавын хамт ааруул, ээзгий, будаа, арц хүж, хадаг өвөртөлсөөр Хүнхэлдэй уулын оройд гарч шинийн нэгний наран тэртээ дорно зүгээс мандахыг үзнэ. Аав арц уугиулж, уулын оройн овоонд хадаг тавьсны хойно бүгд овоогоо морьтой гурав тойрон марзайлж буудаг сан. Дараа нь гэртээ орж аав, ээж, ах, эгчдээ үнсүүлж золгочхоод цайгаа уусны хойно хамгийн эхний бэлгийг ээжээсээ авна гэж санахаас хөөр баяр хөл гижигдээд унтаж өгдөггүй сэн.
Магадгүй маргааш шинийн нэгний өдөр дулаан хотонд үнээ тугаллана. Цасан дундаас дэрс сугсалзаж үлдсэн хөндийд гүү унагалах явдал ч тохионо. Ууган унага, ууган тугал гарч аав, ээж хоёрын сэтгэлд сайн сайхан аж төрөхүйн гэрэл цэлийтэл тусна хэмээн бодолдоо дарагдсаар битүүний оройн тэнгэрт гялалзах одод шиг үзэсгэлэнтэй бодол өвөртөлсөөр унтаж орхидог байж билээ.
Гэрэл зургийг | Т.Мөнх-Эрдэнэ