
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнаас эш татан CNN суваг мэдээлснээр, Техран өөрийн эзэмшилд байгаа бүх баяжуулсан уранаа хүлээлгэж өгөхөөс нааш Вашингтон Ирантай цөмийн хэлэлцээрийн эцсийн баримт бичигт гарын үсэг зурахгүй гэдгийг мэдэгдлээ.
Хэрэв Иран энэхүү шаардлагыг эсэргүүцвэл АНУ цэргийн, дипломат болон эдийн засгийн бүх төрлийн шахалт үзүүлэхэд бэлэн байгааг анхааруулсан байна. Түүнчлэн, цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө Ормузын хоолойн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Ираны тал хөлөг онгоцууд руу дайралт хийхээ зогсоох ёстой гэсэн урьдчилсан нөхцөлийг тавьжээ.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, Иран өөрийн газар доорх баяжуулсан ураны нөөцийг бүрэн хүлээлгэж өгөхөөс нааш өргөн хүрээний цөмийн хэлэлцээр байгуулах боломжгүй бөгөөд Дональд Трампын засаг захиргаа уг хэлэлцээрт хүрэх явцад нэлээд гутранги байр суурьтай байна. Одоогоор Катарын зуучлагчид Техранд хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа ч Ираны тал АНУ-ын агаарын цохилтуудын дараа тэдний санаа зорилгод эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Ираны Парламентын дарга "бид бүрэн хэмжээний дайнд бэлэн" хэмээн мэдэгдэж, шахалт шаардлагад автахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Уг хурцадмал байдлын улмаас Ормузын хоолойгоор дайран өнгөрөх арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөн эрс буурч, олон хөлөг онгоц байршлаа нуухын тулд транспондер төхөөрөмжөө унтраан хөдөлгөөн үйлдэж байна.