
Даваа гарагт Apple компанийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 5 их наядын босго давж, энэхүү амжилтад хүрсэн дэлхийн хоёр дахь компани боллоо. Өмнө нь зөвхөн Nvidia энэ үзүүлэлтэд хүрч байсан юм.
Apple-ийн нэгж хувьцааны үнэ хамгийн сүүлд 0.72%-иар өсөж $339.33-д хүрснээр зах зээлийн үнэлгээ нь $4.98 их наядтай тэнцсэн бөгөөд арилжааны дээд цэгт хүрэх үед $5.036 их наядад хүрсэн байна. Тэгвэл Nvidia-ийн хувьцаа 0.53%-иар өсөж $197.63 болсноор үнэлгээ нь $4.78 их наяд болов.
Apple-ийн хувьд бүтээгдэхүүний өндөр эрэлтээс гадна технологийн аваргуудын дунд ид өрнөж буй хиймэл оюунд зарцуулах өндөр төсвөөс зайлсхийсэн нь ашиг тусаа өгчээ. Өрсөлдөгчид нь хиймэл оюунд асар их хөрөнгө оруулж бэлэн мөнгө зарцуулснаар их хэмжээний өрд орж байгаа билээ. Тус компанийн хувьцаа он гарсаар 25 орчим хувиар өссөн нь Nvidia, Meta, Alphabet болон Microsoft зэрэг технологийн аваргуудыг давсан үзүүлэлт юм.
Тус компани сэргээн шинэчилсэн Siri зэрэг үйлчилгээнүүддээ Google-ийн AI технологийг ашигласнаар дата төвийн асар их хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэж чаджээ. Өнгөрсөн сард MacBook болон iPad-ийн үнийг нэмэхдээ iPhone-ий үнийг хэвээр үлдээсэн нь хэрэглэгчдийг ирээдүйд болох үнийн өсөлтөөс урьтаж төхөөрөмжөө худалдан авахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.