
Мартин Макдонагийн шинэ бүтээл болох “Wild Horse Nine” бүтээл Венецийн 83 дахь олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, үзэгчдээс 14 минут үргэлжилсэн халуун алга ташилт хүртлээ. Тус кинонд Жон Малкович, Сэм Рокуэлл нар тоглосон бөгөөд 1973 онд Чилийн төрийн эргэлтийн өмнөхөн Улаан өндөгний арал руу илгээгдсэн тагнуулын төв газрын хоёр ажилтны дүрийг бүтээжээ.
Алга ташилтын үеэр гол дүрийн жүжигчин Малковичийн сэтгэл хөдөлж, нулимсаа барихыг хичээсэн нь Венецийн кино наадмын нээлтийн өдрийн хамгийн онцгой мөчүүдийн нэг болов.
Макдонагийн кинонд тагнуулын ажиллагаа, улс төрийн түүх, гэмшил, бараан хошигнол ч бий. 1973 оны Чилийн төрийн эргэлтийн цаадах Америкийн нууц ажиллагааны сүүдрийг хөндөж, хоёр тагнуулч өнгөрсөн үйлдлүүдийнхээ ёс суртахууны үр дагавартай нүүр тулна. Найруулагч киноныхоо тухай ярихдаа "Тагнуулын төв газар дэлхийн олон оронд хийсэн нууц ажиллагаануудаа хангалттай хэмжээнд шүүмжлүүлж, эргэн харж байгаагүй" хэмээжээ. Харин Чилийн жүжигчин Мариана Ди Жироламо кинонд гарч буй түүхийн шарх өнөөдөр ч Чилийн нийгэмд амьд хэвээр байгааг онцолсон байна.
“Wild Horse Nine” бол Макдонагийн" In Bruges", "Three Billboards Outside "Ebbing", "Missouri", "The Banshees of Inisherin" зэрэг бүтээлүүдийн дараах тав дахь бүрэн хэмжээний кино юм. Жон Малкович, Сэм Рокуэллээс гадна Стив Бушеми, Паркер Пози, Том Уэйтс нарын бүрэлдэхүүнтэй жүжигчид кинонд ажиллажээ.
Венецийн нээлтийн дараа Малковичийн тоглолт шагналын улирлын ярианы нэг сэдэв болж эхэлсэн бөгөөд тус кино "Алтан арслан"-гийн төлөөх үндсэн өрсөлдөөнд багтаж байгаа юм.