
Малайзын буцаан шилжүүлэх хөтөлбөрийн эхний шатанд эх орондоо “сайн дураар буцах хүсэлтэй” Мьянмарын иргэд хамрагдана.
Малайз улс сайн дурын үндсэн дээр буцаан шилжүүлэх хөтөлбөрийнхөө эхний шатыг эцэслэн боловсруулж, шаардлага хангасан Мьянмарын 1500 дүрвэгчийг есдүгээр сарын 29-нд эх оронд нь буцаана гэж мэдэгдлээ.
Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим долдугаар сард мэдэгдэхдээ, Мьянмарын цэргийнхний дэмжлэгтэй Засгийн газар Малайзад оршин суугаа хавчлагад өртсөн рохинжа үндэстний 5000 иргэнийг эх орон нь буцаан авахыг зөвшөөрсөн гэж мэдээлсэн.
“Буцаан шилжүүлэх үйл явцад Мьянмарын Тэнгисийн цэргийн хүчний хоёр байлдааны хөлөг болон эмнэлгийн хөлөг ашиглана” гэж Малайзын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Мөн гол төлөв рохинжа үндэстний 4000 гаруй хүнийг Дүрвэгчийн бүртгэлийн баримт бичиг хөтөлбөрт хамруулах бөгөөд Мьянмартай тохиролцсоны дагуу өөр 5000 хүн сайн дурын үндсэн дээр эх орондоо буцах үйл явцад хамрагдана гэж тус яам мэдээлсэн байна.
Малайзын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, наймдугаар сарын дунд үе гэхэд Мьянмарын 10 388 иргэн цагаачлалын албаны түр саатуулах төвүүдэд хоригдож байсан бөгөөд тэдгээрийн бүгдийг нь дүрвэгч гэж үзэхгүй аж.
Малайзын Цагаачлалын алба цагдаагийн байгууллагатай хамтран эдгээр саатуулагдсан хүмүүсийн хувийн мэдээлэл, иргэншил, цагаачлалын статус, орогнол хүссэн эсэх болон аюулгүй байдлын талаарх мэдээллийг шалгаж, баталгаажуулах ажлыг оны эцэс гэхэд дуусгахаар ажиллаж байна.
Малайз улс эх орондоо хавчлага, мөрдлөгөөс зугтсан рохинжа иргэдийн хувьд удаан хугацааны турш аюулгүй газар байсаар ирсэн. Гэхдээ тус улс НҮБ-ын 1951 оны Дүрвэгчийн статусын тухай конвенцид нэгдээгүй бөгөөд дүрвэгчийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
Гэсэн хэдий ч Малайз улс Зүүн Өмнөд Азийн хамгийн олон дүрвэгчтэй орнуудын нэг учир НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар буюу UNHCR-д бүртгэлтэй 215 000 гаруй дүрвэгч, орогнол хүсэгчийг хүлээн авчээ.
Тэдгээрийн дотор Мьянмараас ирсэн 126 000 гаруй рохинжа байгаа нь Малайз дахь хамгийн том дүрвэгчдийн бүлэг юм.