
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” шатаж байна гэх дуудлага өнөөдөр өглөөний 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр очиход 42×64 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичэн хийцлэлтэй худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байжээ. Иймд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хүйтний улирал эхэлж, халаалтын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэх гал түймрийн дуудлагын тоо нэмэгдэж байна. Энэ нь цахилгааны хэт ачаалал, залгуур дамжуулах ажиллагааны буруу хэрэглээ, халаалтын төхөөрөмжийн аюулгүй хэрэглээнээс үүдэж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах, цахилгаан угсралт, монтажийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийг анхаарууллаа.