Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын аймгуудын наадам эхэллээ. Өнөөдөр Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83, Баянхонгор аймгийн 84, Төв, Говь-Алтай аймгийн 102 жилийн ойн баяр наадам болж байна.
Аймгуудын түүхт ойн наадамд хүчит 128 бөхийн барилдаан болж, улс, аймгийн алдарт цолтой бөхчүүд барилдаж байна.
Төв аймгийн наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Барилдаанд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Баярсайхан, Б.Батмөнх, Д.Амгаланбаатар, Д.Хүдэрбулга, улсын харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдаж байна. Зарим бөхчүүд Налайх дүүргийн наадамд барилдсаны дараа Төв аймгийн наадамд дахин барилдаж уналаа. Тодруулбал, улсын гарьд Ш.Жаргалсайхан залуу бөх О.Энхмонголд, улсын заан Ц.Баярсайхан залуу бөх М.Сүхбатад, улсын заан Д.Амгаланбаатар залуу бөх Г.Мандахнаранд тус тус унаж барилдаанаа нэгийн даваанаас дуусгалаа. Мөн том цолтнуудаас улсын харцага Э.Батбаатар сумын заан Б.Бат-Эрдэнэд, улсын начин Б.Бадам-Очир сумын заан М.Өсөхбаярт, улсын начин И.Ёндонсамбуу сумын заан Н.Батжаргалд уналаа.
Төв аймгийн наадамд улсын гарьд нэг, улсын заан дөрөв, улсын харцага ес, улсын начин 25 бүртгүүлжээ. Нийт улсын цолтой 39 бөх барилдаж байна. Эдгээр улсын цолтой бөхчүүдээс 22 нь нэгийн даваанд давлаа.
Хүчит бөхийн барилдааны хоёрын давааны дүйз удахгүй гарна.