
Хүн төрөлхтөн чулуужсан түлш хэрэглэснээр агаар мандалд нүүрсхүчлийн хий (CO₂) их хэмжээгээр ялгаруулж, дэлхийн дулаарал гэх асуудлыг бий болгосон. Үүнээс гадна энэ нь хүний биеийн цусны “орц”-д нөлөөлж болзошгүй нь шинэ асуудал болж эхэлжээ.
Австралийн судлаач Алекс Ларкомб (амьсгалын физиологич) болон Филип Бирвиц нар АНУ-ын сүүлийн 20 гаруй жилийн эрүүл мэндийн өгөгдлийг шинжилж, агаар дахь нүүрсхүчлийн хий нэмэгдэхийн хэрээр хүний цусны химийн шинжэд ч өөрчлөлт гарч байгааг илрүүлжээ.
Хүн төрөлхтөн өмнө нь ойролцоогоор 300 ppm нүүрсхүчлийн хийтэй орчинд амьдарч ирсэн бол өнөөдөр энэ үзүүлэлт 420 ppm-ээс давсан байна.
Нүүрсхүчлийн хий ихсэхэд цус илүү хүчиллэг болж, бие махбод үүнийг тэнцвэржүүлэхийн тулд бикарбонат (bicarbonate) ихээр үүсгэдэг байна. Тодруулбал, Агаар дахь нүүрсхүчлийн хий ихсэхэд цусан дахь нүүрсхүчлийн хий уусч нүүрсхүчлийн хүчил (H₂CO₃) үүсгэнэ. Улмаар энэ нь задарч бикарбонат болдог. Ингэснээр цус илүү хүчиллэг болох хандлагатай болно.
Судалгаагаар:
Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилбэл 50 жилийн дараа бие дэх бикарбонат хэт ихсэж болзошгүй. Харин энэ зууны эцэс гэхэд кальци, фосфор эрүүл байх хэмжээнээс доош буурах магадлалтай гэнэ.
Судлаачид энэ нь “хүний цусны химийн байнгын, өсөн нэмэгдэж буй өөрчлөлт” гэдгийг анхааруулжээ.
Гэхдээ энэ өөрчлөлт 100 хувь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэдэг нь батлагдаагүй, хооллолт, эмийн хэрэглээ, таргалалт зэрэг бусад хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлалтай юм.
Зарим судалгаагаар нүүрсхүчлийн хийн өсөлт хүний биед ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж үздэг ч урт хугацааны нөлөөлөл нь бүрэн судлагдаагүй байна.
Амьтад дээр хийсэн судалгаагаар мэдрэлийн гэмтэл, зүрхний хэмнэлийн өөрчлөлт зэрэг нөлөө илэрсэн нь мөн л нүүрсхүчлийн хийтэй холбоотой аж.
Харин хүмүүсийн хувьд дотоод орчны өндөр нүүрсхүчлийн хий нь сэтгэн бодох чадварыг бууруулдаг болохыг зарим судалгаа харуулжээ. Судлаачид “бид бүгдээрээ шууд аюулд орно гэсэн үг биш, гэхдээ ямар нэг зүйл явагдаж байгаа тул илүү их судалгаа шаардлагатай” хэмээн анхааруулжээ.