
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер Украин, Орос улсууд Европын холбооны төлөөлөгчид дараагийн хэлэлцээрт оролцохоор тохиролцсон гэж мэдэгдэв.
"Хоёр тал Европын түншүүдээ оролцуулан дараагийн шатны яриа хэлэлцээг өргөжүүлэхээр тохиролцсон" хэмээн Кушнер X нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр Европын Холбоо оролцсоноор Украин, Оросын хоорондын газар нутгийн асуудлын зэрэгцээ дайны дараах Европын аюулгүй байдлын илүү өргөн хүрээтэй механизмыг авч үзэх боломжтой болно гэдгийг онцолсон байна.
"Дайсагналыг бүрэн зогсооход аюулгүй байдлын найдвартай баталгаа, мөргөлдөөнийг зохицуулах механизм болон ирээдүйн хурцадмал байдлыг намжаах харилцан амлалт шаардлагатай" гэж Кушнер нэмж хэлэв.
Пүрэв гарагт АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Москваа хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан юм. Энэ үеэр В.Путин Украинд ямар нэгэн гадаад улсын цэрэг илгээвэл шууд цохилт өгч устгана гэдгээ анхааруулж, газар нутгийн байр сууринаасаа ухрахгүй гэдгээ мэдэгджээ. Оросын тал Украины газар нутгийн тавны нэг орчмыг хяналтдаа байлгаж байгаа бол Украины тал зүүн нутгийн Донбассын үлдсэн газар нутгийг өгөхөөс татгалзсаар байгаа юм.
Үүний дараа АНУ-ын тусгай элч нар Ирландыг зорьж, Украины Ерөнхийлөгчтэй мөн уулзсан байна. Володимир Зеленський Оростой хийх дараагийн энхийн хэлэлцээрт Европын Холбооны төлөөлөгчдийг оролцуулах амлалтыг сайшаажээ.