
Бид гэрийнхээ хаалгыг түгжээд суухдаа өөрийгөө аюулгүй, хувийн орон зайдаа байна гэж итгэдэг.
Гэвч гар утсаа нээж, сошиал медиа руу нэвтрэх төдийд л бидний хувийн орон зай аль хэдийнэ нээлттэй “цонх” болон хувирдаг. Учир нь сошиал орчинд бидний хуваалцсан зураг, бичвэр, харилцаа холбоо нь зөвхөн дурсамж төдийхнөөр хадгалагдан үлддэггүй. Эдгээр мэдээлэл платформуудын алгоритмаар боловсруулагдаж, хэрэглэгчийн сонирхол, зан төлөвийг тодорхойлох нэгэн төрлийн “өгөгдлийн нөөц” болон хувирдаг байна. Улмаар энэ өгөгдлийг зар сурталчилгааг чиглүүлэх, хэрэглэгч бүрд ямар контент, мэдээлэл харагдахыг шийдэхэд ашигладаг маркетингийн чухал хэрэгсэл болгож ашигладаг аж. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү өгөгдөл зөвхөн маркетингийн хэрэгсэл байхаа больж, буруу этгээдүүдийн гарт орвол аюултай “дижитал зэвсэг” болж хувирах эрсдэл бий болсныг мэргэжилтнүүд анхааруулах болжээ.
Тухайлбал, өсвөр насныхны сошиал орчинд итгэж хуваалцсан энгийн зургуудыг хиймэл оюун ухааны (AI) технологи ашиглан өөрчилж, хуурамч эмзэг контент мэт харагдуулдаг “sextortion” хэмээх цахим гэмт хэрэг олон улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж байгааг кибер аюулгүй байдлын байгууллагууд анхааруулж буй. Тодруулбал, 2024 онд АНУ-ын Сенатад болсон технологийн компаниудын сонсгол уг гэмт хэрэг хэр ноцтой түвшинд хүрч, анхаарал хандуулах шаардлагатай болсныг нотлон харуулсан юм. Уг сонсголын үеэр Meta компанийн тэргүүн Марк Зукерберг сошиал платформуудтай холбоотой мянга мянган цахим дарамт, мөлжлөгийн улмаас хохирсон гэр бүлүүдээс биечлэн уучлалт гуйсан нь дижитал орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудал зөвхөн гэр бүлийн хүрээний биш, олон улсын хэмжээнд ноцтой хэлэлцэх сэдэв болсныг илтгэсэн.
Орчин үед цахим гэмт хэрэг зөвхөн нууц үг хулгайлах, хувийн хаяг руу нэвтрэх хэлбэрээр хязгаарлагдахаа больжээ. Кибер аюулгүй байдлын байгууллагуудын мэдээлснээр 2024-2025 онд хамгийн хурдтай нэмэгдэж буй аюулын нэг нь “Sextortion” буюу бэлгийн агуулгатай контентоор дамжуулан сүрдүүлэх гэмт хэрэг болоод байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд сошиал сүлжээн дэх өсвөр насны хүүхдүүдийн энгийн зургуудыг “өгөөш” болгон ашиглаж, дарамтлах байдлаар мөнгө нэхдэг аж. Ялангуяа Instagram, TikTok-т байршуулсан зургуудыг хиймэл оюун ухаан (AI) ашиглан хэдхэн секундэд өөрчилж, нүцгэн зураг, бичлэг мэт харагдах deepfake контент болгон хувиргадаг байна.
Улмаар уг хуурамч контентыг хохирогчид илгээж, “гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчинд чинь тараана” хэмээн сүрдүүлж, сэтгэл зүйн асар их дарамтад оруулдаг байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, зөвхөн 2023 онд sextortion-той холбоотой 26 мянга гаруй гомдол бүртгэгдэж, хохирлын хэмжээ 55 сая ам.доллар давжээ. Хамгийн харамсалтай нь, 2021-2023 оны хооронд энэ төрлийн дарамтыг тэсвэрлэж чадаагүй 20 гаруй өсвөр насны хүүхэд амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. 2024 оны тайланд дурдсанаар, sextortion болон бусад төрлийн сүрдүүлэгтэй холбоотой гомдол 59 хувиар өсөж, нийт 54 936 гомдол бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг асар хурдтай өсөж байгааг илтгэж буй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар sextortion төрлийн гэмт хэрэг өсвөр насныхныг онилох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд, нэгдүгээрт, өсвөр насныхны сошиал орчны аюулгүй байдлын талаарх буруу ойлголт буюу “private” (хаалттай) хаягтай бол аюулгүй гэх төсөөлөл нь гэмт хэрэгтнүүдэд том боломж олгодог байна. Хоёрдугаарт, өсвөр насныхан сэтгэл зүйн хувьд эмзэг, айдаст автамтгай байдаг тул тэднийг сүрдүүлж, хяналтдаа оруулахад хялбар байдаг аж. Иймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс улс орнууд хүүхдүүдэд зориулсан дижитал боловсрол олгож, хууль эрх зүйн орчныг шинэчилж, чангатгах байдлаар шийдэх болжээ. Тухайлбал, Австрали улс дэлхийд анх удаа 16 нас хүрээгүй хүүхдийг сошиал медиа ашиглахыг хуулиар хориглох шийдвэр гаргаж, сошиал платформуудад хүүхдийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлага хүлээлгэж буй аж. Мөн АНУ болон Их Британи улс сургуулийн сургалтын хөтөлбөрт “Цахим иргэншил”-ийн хичээлийг оруулж, хүүхдүүдэд танихгүй хүнтэй харилцахгүй байх, “Sextortion”-ий дарамтад өртвөл хэрхэн тусламж авах талаар заадаг болсон. Үүнээс гадна технологийн компаниудын нэвтрүүлсэн “Take It Down” хэмээх олон улсын платформ нь хүүхэд, өсвөр насныхны зөвшөөрөлгүй тархсан эмзэг зураг, бичлэгийг сошиал орчноос хайж олж, устгах боломжийг олгох байдлаар туслалцаа үзүүлэх болжээ. Ийнхүү дэлхийн олон улс цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах бодлогоо чангатгаж эхэлсэн энэ үед Монгол Улсын нөхцөл байдал өөр зүг рүү хазайжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн улс орнуудыг харьцуулахад манайд үе тэнгийн дээрэлхэлт нэн өндөр түвшинд байгааг “PISA” үнэлгээнд онцолсон.
Сүүлийн жилүүдэд дээрэлхэлт дэлгэрэх нэг том талбар нь нийгмийн сүлжээ, цахим аюулгүй орчин болж хувирсан байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал бэлхнээ гэрчлэв.
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг, зургаа хандалт авах зорилгоор нийгмийн сүлжээнд дэлгэсэн бөгөөд тухайн бичлэг цацагдсан даруй нийгэмд шуугиан дэгдээсэн. Ингэмэгц өсвөр насны хүүхдүүд олноор цугларсан цахим флатформд хүүхдүүд нэгнийхээ талаар эмзэг, худал, зүй бус мэдээлэл цацаж, нэр хүнд цаашлаад эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулдаг талаар гэрч, хохирогчид шүгэл үлээсэн юм. Эндээс манай улс цахим орчин дахь хүүхдийн хэрэглээнд хил хязгаар тогтоох, тэдний эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай болох нь нийтэд хийгээд эрх баригчдад ч хүрсэн. Тиймээс Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барина гэдгээ Боловсролын яамнаас олон нийтэд мэдээлсэн. Сайн хэрэг. Зүйд ч дөхнө.
Гэхдээ хуулийн төсөл боловсрууллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Бүр хуулиа баталсан ч гал намдаахаас хэтрэхгүй. Учир нь манайд хууль цаасан дээр л бичигдэхээс амьдрал дээр хэрэгждэггүй. Үүний нэг тод жишээ нь, хүүхэд хамгааллын тухай хууль юм. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг “үе тэнгийн дээрэлхэлт” гэж тодорхойлсон байдаг.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн найруулагдсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Хүүхэд хамгааллын хамтарсан багууд чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Бидний хийсэн судалгаагаар санхүүжилт болон мэргэшсэн боловсон хүчний дутагдал байгаа нь ажлын үр дүнд нөлөөлж байна гэж дүгнэсэн.
Гэвч хууль батлагдаад ч хүүхэд хамгаалагдаж чадахгүй байгааг доорх тоо баримтууд харуулж буй. Тухайлбал, хүүхдийн тусламжийн 108 утсанд 2024 оноос 2026 оны гуравдугаар сарын 13-ны хооронд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 2,300 дуудлага бүртгэгджээ. Эдгээр хохирогчдын 75.4 хувь нь эрэгтэй, 24.6 хувь нь эмэгтэй хүүхдүүд байгаа бөгөөд дийлэнх нь 11-14 насныхан байгаа юм. Хамгийн түгшүүртэй нь, дээрэлхэлтийн 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгаа аж.
Өөр нэг ноцтой асуудал бол хохирогчдын талаарх мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс (ГССҮТ) ирүүлж буй явдал юм. Энэ нь хүүхдүүд бие махбодын ноцтой гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хойно л дээрэлхэлтийн асуудал ил болж байгааг харуулж буй ноцтой дохио билээ.
Эцэст нь цахим орчин бол зах хязгааргүй орон зай. Энд хүн түргэн хугацаанд мандаж, хормын төдийд гундаж болно. Түүгээр ч зогсохгүй алдар хүнд цаашлаад амь насанд ч халтай. Тиймээс энэ аюултай орчноос хүүхдүүдээ, ирээдүйгээ хамгаалах нь төрийн төдийгүй бидний үүрэг. 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчноос ангид байлгах хуулийг баталж, хэрэгжилтэд нь гойд анхаарах цаг хоолой дээр тулаад буй.