
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс 2026 оны 10–12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Аравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх бол арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэн, хур тунадас зүүн өмнөд хэсгээр ахиу орно. Харин арванхоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу орохоор байна.
Өвлийн саруудын хувьд 11 сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөлөө.
Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг.
Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг.
Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг.
Аравдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна