
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Улаанбаатар-Лүнгийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо. Мөн уг замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томилов. Бас нэг хүнд үүрэг өгсөн нь Сангийн сайд Б.Жавхлан. Учир нь, Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөн шинэлэх төсвийг 2026 оны төсвийн тухай хуульд тусгаагүй. Тиймээс төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарт үүрэг өгч, Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг Улаанбаатар-Лүнгийн замыг хариуцсан Засгийн газрын төлөөлөгчөөр томилохдоо “Орон нутгийн замд гарч байгаа осол аваарын олон хувь нь Лүнгийн зам дээр гарч байна. Тиймээс Лүнгийн замыг шинэчлэх ажлыг энэ жил эхлүүлнэ. Энэ замын шинэчлэл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Хархорин хот байгуулах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зэрэгт чухал ач холбогдолтой дэд бүтцийн бүтээн байгуулалт.
Сая Цагаан сараар Лүнгийн замд түгжрэл үүсэж байна лээ. Аваар осол ч их гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсдэж байна.
Лүнгийн замыг шинэчлэхдээ Дарханы зам дээр гаргасан алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Хуучин замыг нь хуулж хаячихаад дээр нь шинэ зам тавих биш, шинэ трассаар зургаагаас дээш эгнээтэй зам тавина. Цаашлаад Хархорин хүртэл барих боломжтой” гэв.
Лүнгийн замыг УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын “Очир” ХХК олон жилийн турш шороо бужигнуулсны эцэст 2010 онд бүрэн ашиглалтад оруулж байлаа. Түүнээс өмнө баруун аймгийнхан хамрын тамхи шиг нарийн ширхэгтэй бужигнасан тоосон дундуур машиныхаа цонхыг багахан ч нээх боломжгүй давхидаг байв. Ашиглалтад бүрэн оруулахгүй удлаа гэж УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир тухайн үедээ мөн ч их балбуулсан. Эцэст нь өнөөгийн хоёрхон эгнээ зам ашиглалтад орж олон хүн баярлаж байлаа. Харин одоо энэ замыг дөрөв биш бүр зургаан эгнээ болгох тухай ярьж байна. Гэхдээ энэ бол хуучин сэдэв. Лүнгийн замыг зургаан эгнээ болгох ажлыг цаасан дээр барьж эхлээд удаж байгаа. 2023 онд ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарласан. Түүнээс хойш санхүүжилтийг нь шийдвэрлэхээр ажилласаар ирсэн.
2024 оны аравдугаар сард Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзахдаа “Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаас Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Энэ төсөлд урьдчилсан байдлаар 362 сая ам.доллар шаардлагатай” гэсэн юм. Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар “Бид Монгол Улсын ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрт хамтран ажиллахад үргэлж бэлэн. Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км зургаан эгнээ авто замыг шинэчлэх төслийн санхүүжилтийн ерөнхий төсөв өндөр учир энэ төсөл хөтөлбөрт Кувейтийн сангаас гадна Арабын улс орнуудын сангууд, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөрөнгө оруулагч байгуулагыг татан оролцуулах боломжтой” гэж байлаа.
2025 оны нэгдүгээр сард Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулахаар тус улсад ажиллах үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахартай дахин уулзсан. Ингэхдээ Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, төслийн нийт хөрөнгө оруулалтыг Катарын баялгийн сан, Дубайн хөрөнгө оруулалтын сан, Оманы хөрөнгө оруулалтын сан зэрэг Арабын бусад сангууд болон олон улсын хөрөнгө оруулалтын бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсон юм. Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар Кувейтийн сан бусад Булангийн зөвлөлийн хамтын ажиллагааны орнуудын сангуудтай байнгын холбоотой хамтран ажилладгийн хувьд энэ төсөлд эдгээр сангуудын татан оруулах болон төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах тал дээр бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
2025 оны төсвийн тухай хуульд Улаанбаатар-Лүн чиглэлийн замын төсөлд зориулсан төсөв суулгаагүй ч төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэх төслийн жагсаалтад оруулсан юм. Ингэхдээ “30 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай энэхүү төслийн бүтээн байгуулалыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ” хэмээн тусгаж байлаа. 2026 оны төсвийн тухай хуульд ч энэ төсөлд зарцуулах санхүүжилт тусгагдаагүй. Энэ том төслийг шууд улсын төсвөөс санхүүжүүлэх боломж хомс. 2025 онд Лүнгийн замыг зургаан эгнээ болгоход 30 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бол түүнээс хойш энэ мөнгөний хэмжээ өссөөр байгаа. Яг одоогийн байдлаар санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй ч энэ онд барьж эхэлнэ гэж мэдэгдэв. Дахиад л цаасан дээр барьсаар 2026 оныг үдэх вий.