
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн 687 дахь дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
НЭГ. Нуруугаа авсан бахархал
Бид, ялангуяа манай эрхтэн дархтнууд, улстөрчид зарим үгсийг хаа хамаагүй хэрэглэж, түүгээрээ олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлж, дараагийн сонгуулынхаа зам мөрийг засах гэсэндээ улиг болгож орхидог. Аливаа зүйлээр бахархана гэдэг баяр ёслолын үеэр мандуулдаг туг төдий биш.
Социализмын үед Чингис хааны нэрийг хүртэл дуудахыг хориглож, шүлэг найрагтаа оруулсан нэгнийг шоронд хорьж явсан түүх бидэнд бий. Хаанаа хаана гээж явснаа ч сэрж, санаж байхад гэмгүй.
Бахархал гэдэг өнгөрсөн үеийн сүр хүчийг өнөөдөр өөрийн гавьяа мэт өмчлөхийн нэр бус, харин өвлөж авсан түүхийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлах юм. Өвөг дээдсийнхээ байгуулсан их үйлсийг магтан дуулах амархан, харин тэдний үлдээсэн өвийг танин мэдэж, үнэ цэнийг нь хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь илүү чухал. Бид өдгөө хааныхаа нэрийг дуудаж цээжээ дэлддэг атал байгуулсан төрийн уламжлал, эв нэгдлийн үзэл, түүхэн өвийг судлахад хэр их цаг зарцуулдаг билээ. Хэрэв бахархал маань зөвхөн баяр ёслолын өдөр хэн нэгэн даргын индэр дээрээс уянгалуулдаг уриа лоозон төдий бол тэр нь үндэстний оюун санааг тэтгэх хүч болж чадахгүй. Харин бахархал мэдлэг болж, мэдлэг нь хандлага болж, хандлага нь үйл хэрэг болж хувирсан цагт л түүхийн өв өнөөдрийн амьдралд утга учраа олно.
Б.Алтанхуягийн "Тулж босох нэр" нийтлэлээс
ХОЁР. Бодлогын хохирогч: ТАТВАР ТӨЛӨГЧ ТА, БИД
Ажилгүйдлийн даатгалын сан гэдэг хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, орлогын эх үүсвэр тасалдсан даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, дараагийн ажилд орох хүртэлх хугацаанд амьжиргааны баталгааг нь хангах зорилготой сан юм. Өөрөөр хэлбэл, ажилтай байхдаа төлсөн шимтгэл ажилгүй болсон үед нь эргээд хамгаалалт болох ёстой гэсэн үг. Гэвч үүсээд буй нөхцөл байдал, буруу тогтолцоо, санхүүгийн чадамж зэргийг эргэж харахгүй бол иргэд даатгуулсан эрхээ эдэлж, нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүйд хүрч ч мэдэхээр байна.
Нөхцөл байдлыг цэгцлэх зорилгоор нэгдүгээр сарын 1-нээс шинэ журам хэрэгжинэ. Энэ салбар, тэр талбарт шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байгаа нь маргах аргагүй үнэн. Гэвч иргэдийн, тэр дундаа даатгуулагчийн эрхийг зөрчих замаар өөрчлөлт хийхээр зэхэж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм. Тодруулбал, одоо хэрэгжиж буй журмаар есөн сар ажилласан хүн 76 хоногийн тэтгэмж авах эрхтэй байгаа бол шинэ журмаар 12 сар ажилласан хүн 55 хоногтой тэнцэх тэтгэмж авдаг болно. Ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлага чангарч, авах хоног нь багассанаар ажлаасаа гарсан иргэн бүрийн авах мөнгөн дүн эрс өөрчлөгдөж, нийгмийн баталгаа нь сулрах эрсдэлтэй. Түүнчлэн 55 хоногийн дотор иргэд дараагийн ажилдаа орж чадах эсэх нь нэн эргэлзээтэй.
О.Даваасүрэнгийн " Ажилгүйдлийг дэмжсэн жилүүд" нийтлэлээс
ГУРАВ. Сугалаа явуулсан анхны гишүүд
УИХ-ын анхны 126 гишүүнтэй парламентаас олон “түүхэн” үйлдэл гарах бололтой. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, худалдагдах, томоохон компаниудын лоббид автахаас сэргийлэх хоёр гол зорилгоор парламентын гишүүдийн тоог 50-иар нэмсэн. 2023 оны Засгийн газраас ийм зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анх өргөн барьж, батлуулж байв. УИХ-ын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон юм. Хэдийгээр эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан гээд нийгмийн төлөөллийг хангаж чадсан ч өнөөдрийн парламентад ёс зүй, төрийн түшээгийн зангараг, буур суурь ихээхэн дутагдаж буй. Тиймээс ч элдэв шоу, цочирдом үйлдлийг гишүүд нь ээлжлэн гаргаж, хошин шогоос дутахгүй үзүүлбэр үзүүлэх болжээ.
Гэвч энэ парламентад дэг, ёс зүй гээч зүйл тун бүдэг болоод байна. Дур дураараа авирлаж, Үндсэн хуулиа ч зөрчдөг гишүүдтэй юу ч ярих билээ. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр улстөрчид гэнэт л хүүхэд, амьтдад хайртай, бүх зүйлд шахам чих зөөлөн болж хувирдаг. Улмаар хүүхдүүдтэй тэвэг өшиглөж, хурга ишигтэй зургаа татуулахаас эхлээд өмнөөс нь нүүр улаймаар үйлдэл хийдэг. Энэ бол сонгууль ойртсон үеийн “сурталчилгааны синдром”. Гэхдээ Төрийнхөө ордон дотор олон нийтийг цочирдуулахуйц хурц шийдэлтэй “шоу” хийхээс өөр ойлголт юм.
С.Туулын "Шоуны парламент" нийтлэлээс
ДӨРӨВ. Хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлаж чадах уу
Гоё зорилготой, сайхан төсөөлөлтэй хууль боловсруулах, батлах амархан. Учир нь, агуулга нь бүх хүмүүст таалагдах учир эсэргүүцэлтэй нүүр тулахгүй. Саяхан яг ийм нэг хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан нь Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл.
Гол агуулга нь 13 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах, 14-16 насны хүүхдүүдийг тодорхой нөхцөлтэйгөөр нэвтрүүлэх юм. Тодорхой нөхцөл гэдэг нь зарим төрлийн контентыг үзэхийг хориглохоор заажээ. Хууль санаачлагчид Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ гар утасны дугаараар нь насны баталгаажуулалт хийж хэрэгжүүлнэ гэж тооцжээ. Тодруулбал, үүрэн холбооны оператор компаниуд тухайн хэрэглэгч нь аль насны хязгаарт багтаж байгаа тухай мэдээллийг дамжуулах ажээ. Ингэхдээ 13, 14-16 насны хэрэглэгч мөн биш гэдгээс өөр хувийн мэдээллийг нь дамжуулахгүй гэдгийг хууль санаачлагчид болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин онцолж байлаа. Гэхдээ 3.6 сая хүн амтай ч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны жилийн эцсийн статистикаар Монгол Улсад үүрэн холбооны 5.1 сая идэвхтэй дугаар бүртгэлтэй байна. Тэгэхээр нийгмийн сүлжээнд нэвтрэхээр бүртгүүлж буй хэрэглэгчийг хүүхэд мөн эсэхийг 100 хувь үнэн зөвөөр тодорхойлох боломжгүй.
С.Шийлэгтөмөрийн "Батлахад амархан, хэрэгжүүлэхэд хэцүү хууль" нийтлэлээс
ТАВ. Өрийн сүүдэр
Санхүүгийн үйлчилгээ цахимжиж, иргэдийн хэрэгцээнд улам ойртохын хэрээр түүнийг дагасан эрсдэл ч нэмэгдэж байна. Зээл авах үйл явц хялбаршихын зэрэгцээ бусдын хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүй зээл авах, хуурамч санал, амлалтаар иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй залилангийн хэргийн нэг хэсэг нь зээл, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой байна. Тухайлбал, гэр бүлийн гишүүд нь тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглаж, танин баталгаажуулалт хийлгэн зээл авсан тохиолдол гарч байгаа аж. Үүнээс гадна “зээл чөлөөлж өгнө”, “хугацаа хэтэрсэн зээлийг сунгаж өгнө”, “зээлийн эрх гаргаж өгнө” гэх зэргээр амлан иргэдээс их хэмжээний мөнгө авч залилах болжээ.
Олон улсын туршлагаас харахад өрийн дарамтад орсон иргэдийг санхүүгийн хүндрэлээс гаргахын тулд зээлийн бүтцийг өөрчлөх, эргэн төлөлтийн хугацааг сунгах, тодорхой нөхцөлд хүүгийн төлбөрийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авдаг. Харин манайд хугацаа хэтэрсэн зээлд торгууль, алданги, нэмэлт шимтгэл тооцож тухайн хүнийг улам бүр өрийн дарамтад оруулдаг тогтолцоо ажилласаар байна. Угтаа бол шийдвэр гаргагчид ББСБ болон зээлийн аппликэйшнүүд ингэж олшрохоос өмнө тодорхой дүрэм журмыг тогтоож, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, гаргасан шийдвэрээ хөрсөн дээр хэрэгжиж буй эсэхийг хянаж байсан бол асуудал энэ хүртэл даамжрахгүй байлаа.
И.Сарангоогийн "Хоцорсон зохицуулалт" нийтлэлээс
ЗУРГАА. Шинжлэх ухаанд итгэх итгэл нийгмийн тэгш бус байдалтай холбоотой
Судалгаагаар хүмүүсийн амьжиргааны нөхцөл байдал болон шинжлэх ухаанд итгэх итгэлийн хооронд мэдэгдэхүйц урвуу хамаарал байгааг тогтоожээ. Тодруулбал, 2025 оны судалгаагаар орлогоороо тав тухтай амьдардаг гэж хариулсан хүмүүсийн шинжлэх ухаанд итгэх итгэл 39 хувь байсан бол хэрэгцээгээ арайхийн хангадаг хүмүүст энэ үзүүлэлт 26 хувьтай, амьдралаа залгуулахад хүндрэлтэй байдаг хүмүүсийн хувьд итгэлийн индекс нь 20 хувьтай гарчээ. Орлогоороо тав тухтай амьдардаг хүмүүсийн шинжлэх ухаанд маш их итгэх магадлал санхүүгийн хүндрэлтэй хүмүүсээс бараг хоёр дахин өндөр байна. Энэ ялгаа 2018 онд 13 нэгж хувь байсан бол 2025 онд 19 нэгж хувь болж нэмэгджээ.
Судалгаагаар Засгийн газарт итгэх итгэл багатай, авлигын талаарх ойлголт өндөр хүмүүсийн дунд шинжлэх ухаанд итгэх итгэл харьцангуй доогуур, мөн эдийн засгийн тэгш бус байдал өндөр улс орнуудад шинжлэх ухаанд итгэх итгэл бага байх хандлага ажиглагджээ. Судалгааны нэг чухал дүгнэлт нь шинжлэх ухаанд итгэх итгэл сул байгааг зөвхөн хүмүүсийн мэдлэг боловсрол дутмаг байгаатай холбон тайлбарлаж болохгүй гэсэн санаа юм. Хүмүүсийн амьдралын бодит нөхцөл, нийгмийн тогтолцоо тэдэнд хэрхэн үйлчилж байгаа нь чухал нөлөөтэйг дурдахгүй өнгөрч болохгүй.
Л.Эрдэнэжаргалын "Шинжлэх ухаан өөрөө итгэлийг бий болгох ёстой" нийтлэлээс
ДОЛОО. Багтахгүй ээ, буугаарай
Үүрийн цагтай уралдаж сэрүүт цаг агаар хардаг байсан дийлэнх хүмүүс өдгөө “Ub Smart Bus” апликэйшнээ шалгаж автобус хаана явааг харна. Буудал дөхөнгүүт бушуухан хувцаслаад гарч очвол автобусны хаалга цоожтой, жолооч нь “хөдлөх болоогүй” гэж хариулна. Түгжрэлээ тооцож эрт гарсан ч ажилдаа хэрхэн амжиж очихыг ийнхүү жолооч шийднэ. За тэгээд, брэндийн цүнх сугавчилж, ганган үслэг хүрэм нөмөрсөн эгч нар бухимдаж, “ажлын цаг эхлэх гээд байхад, утсаа ухаад амарч байх” юм хэмээн буудал дээрх сөргөлдөөнөөс энэ өдрийн амьдрал эхэлнэ. Суудал олж авахын тулд том балчир, хөгшин залуугүй хаалга өөд чихэлдэнэ. Дараалал хамаагүй, даруйхан орж суудал авах нь чухал. Таяг тулсан настан байна уу, хүүхдээ тэвэрсэн ээж байна уу, ёстой падлийгүй. Автобусанд суудал тавьж өгөх тухай өмнө хэлэлцдэг байсан бол одоо цагт амжиж суух нь чухал болсон. Үгүй аваас автобусанд багтахгүй үлдэж, дараагийн унаа иртэл хөлөө хавирч зогсоно.
Жолооч “хойшоогоо яваарай” гэж аргадах, уурлах нийлүүлэн хашхирна. Эцэст нь "багтахгүй ээ, буугаарай" гэж хэлээд буудлаас хөдөлнө. Ерөөс манайд автобусны тоо ихэнх газарт түүгээр зорчих иргэддээ хүрэлцээгүй болсон. Дээр нь түгжрэлээс шалтгаалж дараагийн автобус удаж, удаж ирнэ. Алхаад ажилдаа очно, ажлаасаа тараад алхаж харина гэхээр ихэнх иргэдийн гэртээ харих гэрэлтэй зам нь аваар ослоор дүүрэн, харанхуй, дээр нь нэмээд алс зайтай. Буудал болгон дээр дүүрэн хүн автобус хүлээж зогсоно. Автобус ирж байгааг үзсэн даруйд хаахна зогсохыг нь таамаглаж байгаад түрүүлж суухыг бодно. Тэгэхээр автобусны буудал дээр зогсох газрыг шинждэг, яг таг мэддэг залуучууд олширч байгаа. Хөгжил ярьсан, хүлээсэн бидний үнэн царай энэ.
Б.Алтанхуягийн " Автобус доторх амьдрал" нийтлэлээс
НАЙМ. Зөв, хяналттай зарцуулах механизмаа эхэлж засах ёстой
Орон нутагт уул уурхайн салбарын өгөөж бодитой шингэж, дунд, урт хугацаанд тогтвортой хөгжих үндэс суурийг бүрэн дүүрэн тавьж чадахгүй байгаа нь орлого бага байгаадаа биш, харин түүнийг урт хугацааны хөгжлийн капитал болгон хувиргах институц, төлөвлөлт, хяналтын тогтолцоо хангалттай боловсроогүйтэй холбоотойг өмнөх олон жишээ харуулж байна. Эцсийн дүндээ уурхайгаас хамгийн их мөнгө авсан орон нутаг бус, уурхай дууссаны дараа хамгийн их үнэ цэн үлдээсэн нутаг л уул уурхайн баялгаас өгөөж хүртэж үлдэхийг ойлгох ёстой.
Харамсалтай нь энэ алдааг засахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-өөс орон нутагт очих хувийг нэмэгдүүлэхээр байна. Урьдчилсан байдлаар уул уурхайтай орон нутагт очих АМНАТ-ийн өгөөж хамгийн багадаа 2, цаашлаад 4 дахин өсөх тооцоолол бий. Засгийн газраас орон нутгийн иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын алхам хийж буй нь зөв. Гэхдээ тус хөрөнгө оруулалтыг зөв, хяналттай, төлөвлөлттэй, бодлоготой зарцуулах механизмыг эхлээд бүрдүүлэх шаардлагатай байв. Ингэж байж орон нутагт хийж буй хөрөнгө оруулалтууд “элсэнд шингээд” өнгөрөх бус тогтвортой хөгжлийг дэмжих хүч болох учиртайг тооцох ёстой.
Л.Эрдэнэжаргалын “Орон нутгийн хөгжлийн сангаар орон байр тохижуулсаар байх уу” нийтлэлээс
ЕС. Мета драм буюу тайзны хэл
“Амьтны ферм” зохиолын олон оронд тайзны жүжиг болгон тавьж байна. Тиймээс ч тайзны хэлээр, олон ургальч байдлаар тайлбарлаж болох зохиол. Зарим театр амьтдын дүр төрхийг хүүхэлдэйн театр, биеийн хувирал, хөдөлгөөнөөр илэрхийлсэн байдаг. Их Британийн “Robert Icke”-ийн тавилтад хүүхэлдэйн театрын арга, жүжигчдийн биеийн хувирал чухал байр суурь эзэлдэг бол Сингапурын “W!ld Rice” театрын хувилбарт хөдөлгөөн, амьд хөгжим, нэг жүжигчин хэд хэдэн амьтны дүрд хувирах боломжийг ашиглажээ. Энэтхэгийн “Little Theatre”-ийн тавилтад торны дүрслэлээр эрхшээл, боолчлолын мэдрэмжийг тайзны хэл болгон хувиргасан. Эдгээр жишээнээс үзэхэд нэг зохиолыг өөр, өөр театр өөрсдийн гоо зүй, үзэл санаагаар хэрхэн тайлбарлаж болдгийг харуулна. Харин “Долма” театрын тавилт мета драмын хэлбэрийг сонгосноороо жүжгийн үйл явдлыг дахин өгүүлэхээс илүүтэйгээр түүний цаана орших санааг тайзны өөрийнх нь тухай эргэцүүлэлтэй холбох боломжийг нээсэн юм.
Хүн төрөлхтөн өөрсдийгөө амьтдаас дээгүүр тавьдаг ч эрх мэдэл, шунал, айдас, атаархал, бусдыг захирах хүслээрээ амьтдаас огт өөр биш гэдгийг “Амьтны ферм” жүжигт харуулна. Үүнээс гадна мета драмын хэлбэрийг сонгосон учраас энэ бол жүжиг гэдгийг үзэгчдэд үргэлж сануулдаг. Бенжамин илжиг нэгэнтээ “Одоо жүжгээ түр завсарлах уу” гэхэд “Үгүй, шууд үргэлжлүүл” гэх утгатай хариултыг сонсох хийгээд жүжиг дундаа завсарлагагүй үргэлжилнэ. Нэг ёсондоо үүнээс ч бид дарангуйлалд, жүжгийн үйл явдалд бүхэлдээ орчихсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Б.Алтанхуягийн " Фермийн хаалганы цаана" нийтлэлээс