
Энгийн бактерийг шинээр боловсруулсан материалд суулгаснаар хуванцрыг ердөө зургаан хоногийн дотор үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд хүртэл нь задлах боломжтой болсон талаар судлаачид мэдэгдлээ.
Нэг удаагийн хэрэглээнд зориулагддаг хуванцар байгаль орчинд олон жилийн турш задралгүй үлддэг. Харин шинэ “амьд хуванцар” нь хуванцар задлагч фермент ялгаруулдаг бичил биетүүдийг агуулсан тул шаардлагатай үед нь идэвхжүүлж болдог байна.
Bacillus subtilis хэмээх түгээмэл бактерийн хоёр омог нийлснээр материалыг зургаан хоногийн дотор бүрэн задалж, микро хуванцар үүсгэдэггүй болохыг эрдэмтэд ACS Applied Polymer Materials сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа тайлбарлажээ.
Судалгааны зохиогч Зуожун Дай “Уламжлалт хуванцар хэдэн зуун жил хадгалагддаг мөртлөө сав баглаа боодол зэрэг олон хэрэглээ нь маш богино настай байдаг. Тиймээс бид задралыг нь материалын амьдралын мөчлөгт шууд оруулж болох эсэхийг судалсан” гэжээ.
Тэрээр “Эдгээр бичил биетийг суулгаснаар хуванцар бараг амь орсон мэт болж, тушаалаар өөрөө задардаг болно. Ингэснээр бат бөх чанар нь асуудал биш, харин програмчилж болдог шинж чанар болж хувирна” хэмээн онцолсон байна.
Судлаачид Bacillus subtilis бактерийн хоёр омгийг генетикийн аргаар өөрчилж, тус бүр нь өөр төрлийн полимер задлагч фермент үйлдвэрлэдэг болгожээ.
Нэг фермент нь урт полимер гинжийг жижиг хэсгүүд болгон тасалдаг бол нөгөө нь тэдгээрийг аажмаар хамгийн жижиг нэгжүүд хүртэл задалдаг байна.
Эрдэмтэд бактерийг шаардлагатай үе хүртэл идэвхгүй байлгахын тулд спор буюу унтаа хэлбэрээр нь ашиглажээ. Эдгээр спорыг Polycaprolactone хэмээх полимер дотор суулгасан байна. Энэ материал нь 3D хэвлэл болон зарим мэс заслын оёдолд өргөн хэрэглэгддэг аж.
Хуванцрыг шим тэжээлтэй уусмалд хийж, температурыг 50 хэм хүртэл нэмэгдүүлэхэд спорууд идэвхжиж, бактериуд материалыг ердөө зургаан хоногийн дотор бүрэн задалсан байна.
Судлаачид цаашид далайн болон усан орчинд ажиллах идэвхжүүлэгч механизм боловсруулах, мөн нэг удаагийн хуванцарт өргөн хэрэглэгддэг бусад төрлийн материалд ижил аргыг ашиглах зорилготой байгаагаа мэдэгджээ.