
Финланд улс нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байршуулахыг хориглодог олон арван жил болж буй хуучин бодлогоо цуцлах төлөвлөгөө боловсруулжээ. Засгийн газар энэ алхам нь улсыг нь НАТО-ийн цөмийн саатуулах бодлоготой илүү нийцүүлнэ гэж үзэж байна.
Батлан хамгаалахын сайд Антти Хяккянэн “Европ болон Финландын аюулгүй байдлын орчин 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш үндсээрээ өөрчлөгдсөн” гэдгийг онцолсон. Финланд улс олон арван жилийн турш цэргийн төвийг сахих бодлого баримталж байсан ч Оросын зүгээс ирж болзошгүй аюулын улмаас 2023 онд НАТО-д элссэн.
Тус улсын 1987 онд батласан Цөмийн энергийн тухай хуулиар цөмийн тэсрэх бодис импортлох, үйлдвэрлэх, эзэмших, дэлбэлэх зэргийг Финландын нутагт дайнтай үед ч хориглодог. Гэхдээ уг хуулийг цуцлавал “Финландын цэргийн хамгаалалттай холбоотой нөхцөлд цөмийн зэвсгийг Финланд руу оруулах, тээвэрлэх, нийлүүлэх эсвэл эзэмших боломжтой болно” гэж Хяккянэн мэдэгдэв.
Тэрээр “Энэ өөрчлөлт нь Финланд НАТО-гийн холбоотны бүрэлдэхүүнд багтаж, хамтын хамгаалалт болон цөмийн саатуулах бодлогоос бүрэн ашиг хүртэхэд зайлшгүй шаардлагатай” гэжээ.
НАТО-гийн үндсэн зарчим нь хамтын хамгаалалт юм. Өөрөөр хэлбэл нэг гишүүн оронд халдвал бүх гишүүнд халдсан гэж үзнэ. НАТО-д цөмийн зэвсэгтэй хэд хэдэн улс байдаг учраас ийм халдлага цөмийн хариу арга хэмжээ авах эрсдэлийг дагуулдаг. Center for Arms Control and Non-Proliferation-ийн мэдээлснээр АНУ-ын цөмийн зэвсгүүд Европын хэд хэдэн улсад байрладаг. АНУ-д байрладаг ашгийн бус, судалгаа-бодлогын Center for Arms Control and Non-Proliferation байгууллага нь дэлхий даяар зэвсгийн хяналт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлогыг дэмжих зорилготой.
Финландын засгийн газрын санал болгож буйгаар бол Цөмийн энергийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг хоёуланг нь өөрчлөх шаардлагатай аж.
Финланд Оростой 1340 км урт хил залгадаг бөгөөд энэ нь ЕХ болон НАТО-гийн гишүүн орнууд дундаас хамгийн урт хил юм. Финланд 2023 оны 4-р сард НАТО-гийн 31 дэх гишүүн болсон. Энэ нь Оросын ерөнхийлөгч Владимир Путинд стратегийн том ухралт болсон гэж олон шинжээч үздэг.
Финландын хөрш Швед улс 2024 онд НАТО-д элссэн. Үүнээс хойш НАТО Арктик, Балтын тэнгис болон шинээр өргөжсөн зүүн жигүүрт цэргийн хүчээ нэмэгдүүлжээ.