
Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, өвчлөл нэмэгдэж буй энэ үед халдварын нөхцөл байдал ямар байгаа, иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний мэдээлэл хариуцсан менежер, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй эмч Н.Сувдмаатай ярилцлаа.
-Энэ жилийн томуугийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Манай байгууллага амбулаторийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хамруулсан тандалт өдөр бүр хийдэг. Мөн эмнэлгээр үйлчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээс сорьц авч, лабораторид суурилсан тандалт явуулдаг. Энэ нь олон улсын стандартад нийцсэн тандалтын арга юм.
46 дахь долоо хоногийн байдлаар 18 аймаг болон нийслэлд өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд, хоёр аймагт идэвхжилийн түвшинд байна. Харин 2025 оны 42 дахь долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл 1.8 хувиар өссөн байна.
-Өвчлөл аль насны бүлэгт илүү өндөр байна вэ?
-Амбулаториор үзүүлж буй иргэдийн 70 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 5 хүртэлх насныхан дийлэнх хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн ахмад настнууд томуу, томуу төст өвчинд өртөмтгий байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо дөрвөн хувиар нэмэгдсэн. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 0-11 сартай нярай, 1-4 насны хүүхэд болон 65-аас дээш насныхан байна. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, ахмад настнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай.
-Энэ жил бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хэр хүндэрч байна вэ?
-Энэ жил томуугаар өвчилсөн хүүхдүүдийн дунд өндөр халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тухайлбал, зарим хүүхдэд 4-6 цагийн турш цочмог өндөр халуурсны дараа уушгины хатгалгаа болж хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.
-Эцэг эхчүүд хүүхдийнх нь ханиад богино хугацаанд хүндэрч хатгаа болж байгаа талаар ярьж байна. Энэ нь ямар вирусийн халдварын үед илүү түгээмэл тохиолдож байна вэ?
-Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд сэрүүн бүс нутагт ямар төрлийн вирусийн дэгдэлт идэвхтэй байгааг тогтмол судалж, мэдээлэл авдаг. Одоогоор хүн амын дунд томуугийн A(H1) вирус зонхилж байна. Үүнээс гадна риновирус (Rhino), аденовирус (Adeno) түгээмэл илэрч буй. Эдгээр вирус амьсгалын замын өвчлөл үүсгэхээс гадна бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, төвөнхийн үрэвсэл буюу ларингит зэрэг хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Мөн томуу, томуу төст өвчний халдварын дараа хоёрдогч бактерийн халдвар хавсрах эрсдэл нэмэгддэг. Энэ нь уушгины хатгалгаа үүсэх нэг шалтгаан болдог.
-Эцэг эхчүүд хүүхдээ томуугаас сэргийлэхийн тулд өдөр тутамдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Юуны өмнө амьсгалын замын халдвараас сэргийлэх энгийн дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Тухайлбал, нэг удаагийн амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, ариутгах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, гадуур хувцастайгаа гэртээ явахгүй байх зэрэг нь халдварын эрсдэлийг бууруулна. Мөн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь чухал. Вакцины найрлага жил бүр өөрчлөгддөг. Манай улс лабораторийн тандалтын сүлжээнд нэгдсэн учраас тухайн жилд дэгдэж буй вирусийн хэв шинжид тохирсон вакциныг сонгон хэрэглэдэг. Иргэд эмчид үзүүлж, зөвшөөрөл авсан тохиолдолд төлбөрөө төлөн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдал, орны хүрэлцээ хэр байна вэ?
-Жил бүр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн орны зохицуулалтыг тогтмол хийдэг. Одоогоор орны хүрэлцээнээс шалтгаалан иргэдэд хүндрэл, чирэгдэл үүссэн асуудал байхгүй. Нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд орны зохицуулалтаа хийж, хэвийн ажиллаж байна.
-Зарим иргэд томуугийн үед антибиотик болон вирусийн эсрэг эмийг эмчийн зааваргүй хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?
-Антибиотик нь зөвхөн бактерийн халдварыг устгадаг бөгөөд томуу зэрэг вирусийн гаралтай өвчинд ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ өндөр халуурах үед эмчийн зааваргүйгээр антибиотик болон вирусийн эсрэг эм уулгадаг.
Хэрэв хүүхэд өндөр халуурах, бөөлжих, шингэн болон эм ууж чадахгүй болох, эсвэл гэрээр гурав хоног эмчилсэн ч биеийн байдал сайжрахгүй бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Үүнээс биш уушгины хатгалгаа үүсээгүй, бактерийн халдварын шинж тэмдэг илрээгүй байхад антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэх нь антибиотикт тэсвэртэй нян бий болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр цаашид хүүхэд хүндээр өвдөх үед эм үйлчлэхгүй, эмчилгээний сонголт хязгаарлагдах аюултай. Мөн вирусийн эсрэг эмийг буруу тунгаар, хугацаа алдаж хэрэглэх нь элэг, бөөрөнд ачаалал өгөх зэрэг сөрөг нөлөөтэй. Иймээс эмийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийж, эхлээд эмчид үзүүлэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
М.Мичидмарал