
Хятадын зүүн хэсэг, тэр дундаа Шанхай хот орчимд нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлэх шалтгаан нь "Долфин" хар салхи ням гарагийн орой тус улсын зүүн эрэгт хүрсэнтэй холбоотой.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр, хар салхи орон нутгийн цагаар анх 17:30 цагт Жөжян мужийн Юйхуань хотод эх газарт хүрэхэд салхины дээд хурд нь 150 км/цаг хүрч байжээ. Үүнээс ойролцоогоор нэг цагийн дараа Вэньжөү хотын орчимд дахин эх газарт хүрсэн байна.
Хар салхи бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг бараг тэр чигээр нь тасалдуулжээ. Зөвхөн Шанхай хотод 1400 нислэг цуцлагдсан аж.
Хятадын эрх баригчид өмнө нь "Долфин"-д цаг агаарын аюулын хамгийн өндөр түвшний улаан сэрэмжлүүлэг зарлаад байсан ч даваа гарагийн өглөө сэрэмжлүүлгийн түвшнийг бууруулж, хар салхийг халуун орны шуурга гэж ангилжээ. Гэсэн хэдий ч шуурга эх газрын гүн рүү шилжсээр байгаа юм. Эрх баригчид лхагва гараг хүртэл аадар бороо, хүчтэй үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэйг анхааруулав.
Өнөөдөр Шаньдун, Хэнань, Хубэй, Аньхуй, Жянсу, Жөжян мужууд болон Шанхай хотод их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
Орон нутгийн засаг захиргаанууд иргэдийг гадаа гарахаас зайлсхийхийг уриалжээ.
Мөн жуулчдын ихээр зорьдог хэд хэдэн газрыг хаасан байна. Үүнд:
Хар салхи өмнө нь Японы өмнөд хэсгийг дайран өнгөрөхдөө их хэмжээний бороо, хүчтэй салхи авчирч, нислэгүүдийг цуцлах болон олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн юм.