
Тайванийн Ерөнхийлөгч асан Цай Инвэнь ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, Стэнфордын их сургуулийн аюулгүй байдлын бага хуралд илтгэл тавина гэдгээ мэдэгджээ.
Энэ нь түүний бүрэн эрх дууссанаас хойшхи АНУ-д хийх анхны айлчлал болох юм.
Цай Инвэнь Facebook хуудастаа Стэнфордын их сургуулиас зохион байгуулж буй "DEFCON 2026" Технологи ба Үндэсний аюулгүй байдлын бага хуралд оролцож, нээлтийн илтгэл тавина гэж бичсэн байна.
“Би эрдэм шинжилгээний салбар, төрийн байгууллага болон технологийн салбарын төлөөлөгчидтэй Тайванийн туршлагаас хуваалцана. Мөн технологийн хөгжлийг ардчиллын тэсвэрлэх чадвар, үндэсний аюулгүй байдалтай тэнцвэржүүлэх явцдаа тулгарч буй шинэ сорилтуудын талаар ярина” гэж тэрээр бичжээ.
Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг Хятадын засгийн газар Тайванийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа төрийн тэргүүн асан хүмүүс гадаад улс орнуудад айлчлах аливаа үйлдлийг тогтмол эсэргүүцдэг.
Цай Инвэнь бүрэн эрхээ дуусгаснаасаа хойш Их Британи, Франц, Канад зэрэг оронд айлчилжээ.
Цай Инвэнь 2016 онд, улмаар 2020 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Хятад түүнтэй харилцахаас татгалзсан. Бээжин Цай Инвэнь болон түүний харьяалагддаг Ардчилсан дэвшлийн намыг “салан тусгаарлагчид” гэж үздэг. Хятад улс түүний залгамжлагч, одоогийн Ерөнхийлөгч Лай Чинтэтэй ч мөн харилцахаас татгалзсаар байгаа юм.
Лай Чинтэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь засаг захиргаа байгуулагдсанаас хойш АНУ-д хараахан айлчлаагүй байна. АНУ Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй боловч Тайванийн олон улсын тавцан дахь хамгийн чухал дэмжигч, зэвсгийн гол нийлүүлэгч нь юм.
Тайванийн засгийн газар дэлхийн бусад улс орнуудтай харилцах эрхтэй гэж мэдэгддэг бөгөөд Бээжингийн тусгаар тогтнолын талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй.