
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор усны ослын дуудлага нэмэгдэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр нийслэл болон орон нутагт усны ослын хоёр дуудлага бүртгэгджээ.
Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул голд хүүхэд усанд живж байна гэх дуудлагыг 15:45 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 24, 25 настай хоёр эрэгтэй, 18 настай эмэгтэй гурван иргэн Туул голын усанд хөл алдан урсаж, бургасанд тогтсон байсныг аюулгүй газарт гаргажээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Мөн Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс нуурын хөвөө” гэх газарт 22 настай эрэгтэй усанд осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 26-ны өдрийн 21:35 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, долоодугаар сарын 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс усанд осолдож амиа алдсан иргэнийг олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Иймд иргэдийг гол, нуур, усан сангийн орчимд амарч, зугаалахдаа бага насны хүүхэд болон бусдын аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөгдөөгүй газарт усанд орохгүй байхыг анхаарууллаа.