
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет цэргийн дээд удирдлагын 20 хувийг халсан гэдгээ баталгаажуулав.
Тэрээр Виржиниа мужийн Квантико дахь Тэнгисийн явган цэргийн баазад цэргийн дээд удирдлагынханд хандан ширүүн өнгө аястай үг хэлэхдээ хэд хэдэн шинэ санаачилгаа танилцуулсан нь 2025 онд эхэлсэн боловсон хүчний цомхотголын нэг хэсэг болж байлаа.
Батлан хамгаалах яамны хамгийн сүүлийн тооцоогоор АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүчин, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүчин болон Сансрын цэргийн хүчинд нийт 800 гаруй идэвхтэй үүрэгтэй генерал, адмирал ажилладаг.
Хегсет 2025 оны есдүгээр сард Квантикод цэргийн удирдлагуудыг цуглуулахдаа Батлан хамгаалах яамыг хэт “сэрсэн” үзэлтэй болсон гэж шүүмжилж, удирдлагуудыг буруутган “тарган генерал, адмиралууд муухай харагдаж байна” гэж хэлж байжээ.
Батлан хамгаалахын сайд цэргийн байгууллагад байлгахыг хүсэхгүй байгаа гэж үзсэн бүлгүүдээ онцолж, үүнд трансжендэр хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүс болон сахалтай хүмүүсийг дурдсан аж.
“Үзэл суртлын алиалагчид явж, эх оронч ковбойчууд ирж байна. Дээрээс нь тестостероны шинжилгээ хийнэ. Олон янз байдал бол бидний хүч биш. Эв нэгдэл бол бидний хүч” гэж тэр хэлжээ.
Хегсет мөн хиймэл оюун ухаанаар “хүч нэмэгдүүлсэн” робот болон дроныг байлдааны зориулалтаар худалдан авах үйл явцыг хөнгөвчлөх зорилготой Автономит байлдааны командлал байгуулахаа зарлав.
Үүнээс гадна Шашны асуудал эрхэлсэн шинэ газар, АНУ-ын их сургуулиудтай хамтран ажиллах сонсогчийн хөтөлбөр болон Хегсетийн нэрлэснээр “Америкийн дараагийн агуу [цэргийн] бааз”-ыг байгуулах төлөвлөгөөг танилцуулжээ.
Шинэ газар нь “төсвийг хамгаалж, дэд бүтцийг шаардаж, шашны дэмжлэгийг бэхжүүлэх” чиг үүрэгтэй байна гэж тэр хэлсэн байна.
Хегсет шинэ бааз хаана байрлах болон санхүүжилтийг хаанаас гаргах талаар дурдаагүй боловч АНУ-ын мужуудад “бидэнд хамгийн шилдэг саналаа танилцуулах”-ыг уриалжээ.
Хегсет Батлан хамгаалахын сайд болсноос хойш дор хаяж 20 генерал, адмирал болон цэргийн дээд түвшний иргэний удирдлага ажлаасаа халагдсан эсвэл огцорсон гэдэг.
Үүнд Зэвсэгт хүчний штабын дарга, мөн Арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчний дээд түвшний дүрэмт хувцастай алба хаагчдыг халсан явдал багтжээ.
“Хэвлэл мэдээллийнхэн үүнийг цэвэрлэгээ гэж нэрлэж байна” байгаа ч “Би үүнийг хариуцлага тооцож байгаа хэрэг гэж нэрлэнэ. Аль эрт хийх ёстой байсан зүйл. Үнэндээ хамгийн наад захын шаардлага” гэж Хегсет тайлбарлав.