
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчид хол зайд зорчихгүй байх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Нийт 50 тэрбум төгрөгийн төсөвтэй уг хөтөлбөрийн задаргаа ил болж улстөрчдийн холбоо хамаарал бүхий сургуулиудын нэр холбогдон зөвхөн түрээсийн зардалд тэрбум, тэрбумаар нь “өгч-авах” ашиг сонирхлын зөрчил нийгмийн дунд маргаан дагуулсан. Уг маргаан даамжирч 2026 оны төсвийн тодотголоос хасагдсан талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Нийслэлийн 30 000 хүүхдийг хорлосон шийдвэр гаргалаа” хэмээн халагласан постыг цахим хаягтаа оруулжээ. Энэ гэхдээ үнэхээр халаглам асуудал мөн үү?
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Ажлын өдөр эхлэнгүүт төсвийн тодотгол дээр АН-ын хоёр гишүүний ямар ч бодлогогүй, амьдрал мэдэхгүйгээр гаргасан саналыг МАН-ай нэр бүхий гишүүд дэмжсэнээр Энх-Амгаланг хорлох гэж байгаад нийслэлийн 30 000 хүүхдийг хорлосон шийдвэр гаргаж 60 сургуулийн түрээсийн 13.9 тэрбум төгрөгийг хасууллаа. Гэхдээ би Хотхоны бага сургууль, Төрөлжсөн ахлах сургуулийн төлөвлөлтөөс хэзээ ч ухрахгүй. Ирэх жил нэмж 50 хотхоны бага сургууль, 20 төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж хүүхдүүд ангидаа 35-40 хүүхдээс хэтрэхгүй сурдаг болгож, 3 ээлжээр хичээллэдэг сургууль гэдэг ойлголтыг нэг мөр байхгүй болгоно.
Сүхбаатар дүүргийн IX хороо. Дөлгөөн нуур хэмээн нэрлэж заншсан энэ хэсэг сүүлийн жилүүдэд гэр хорооллоос орон сууцны хороолол болох ажил эрчимтэй явсан хотын төвийн хэсэг. Хориод жилийн өмнө битүү гэр хороолол байсан Алтай, Ногоон нуур хэмээн нэрлэгдсэн гудамжуудын оронд өнөөдөр багадаа 5, өндөртөө 16 давхар орон сууцууд сүндэрлэж буй. Хүн амын шилжилт хөдөлгөөн ч тэр хэрээр өөрчлөгджээ. Үндэсний статистикийн хорооны Хүн амын албан ёсны мэдээллийн сангаас шүүсэн мэдээллээр тус хорооны хүн ам 2021-2025 оны хооронд 62.1 хувиар өсжээ. 2021 онд 6342 хүн амтай байсан бол 2023 онд 9104, 2025 онд 10278 болжээ. Хүн амын нягтрал 15340 хүн/км² байгаа бол нийслэлийн медиан 6590.
Зах зээлийн зарчмаараа худалдааны төв, дэлгүүр, эмийн сан, гоо сайхны газрууд ч өсөн нэмэгдэж, хүмүүсээ дагаад элбэгшсэн. Харамсалтай нь хороолол, хотхонууд дундаа байх ганц сургууль болох НЕБ-ийн 4-р сургууль дангаараа хүүхдүүдээ багтааж ядан байна. Нийслэлийн боловсролын газрын даргын 2026 оны наймдугаар сарын 10-ны А/67 дугаартай, Нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын Хамран сургах тойрог тогтоох тухай тушаалаас харахад тус сургуульд дан ганц 9 дүгээр хорооны хүүхдүүдээр зогсохгүй 6, 9 болон 11 дүгээр хорооны хүүхдүүд ч хамрагдахаар болжээ.
Уг нь 4-р сургуулийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн санхүүжилтээр баригдаж эхэлсэн ч нэмэлтээр 2.5 тэрбум төгрөг шаардагдсан учир барилгын ажил нь зогсоод нэг жил орчим болж буй. Зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар, нийт 300 хүүхдийн (нэг ангид 30 хүүхэд суралцахаар тооцоолж 10 танхимтайгаар зурагласан) бага сургуулийн өргөтгөл 2024 оны аравдугаар сараас эхэлж 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусахаар гэрээлжээ.
Анх “зураггүй” тендер зарласан учир төсөвт өртөг нь өсөж, нэмэгдэл нь 2026 оны улсын төсөвт суугаагүй учир барилгын ажлыг гүйцэтгэгч “Инерци” ХХК-ийн зүгээс ч тэр, 4 дүгээр сургуулийн удирдлага ч холбогдох байгууллагуудад ханджээ. Боловсролын яамны сайдын багцад туссан боловч тендерийн эрх шилжүүлэх гэрээ нь НЗДТГ-т шилжсэн гэх төвөгтэй асуудал ч мөн гарч. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажлын нэмэгдлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ, Үндэсний Аудитын газраас дүгнэлт гаргана гэхчилэн ажлууд нэмж хөвөрсөөр цаг хугацаа өнгөрсөөр бага сургуулийн барилгыг гүйцээн ашиглалтад оруулах ажил өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байна.
“Инерци” ХХК-ийн захирал М.Өлзийхутаг
Бага сургуулийн өргөтгөлийн барилга барих тендер нь 2024 онд зарлагдсан боловч барилга барих газар нь маш асуудалтай байсан. Холбооны кабель, магистраль шугам ихтэй байсан учраас техникийн нөхцөл гарган, ажлын зургаа гаргаж батлуулах гэсээр байтал он дууссан. 2025 онд арай гэж зургаа батлуулаад л каркасыг нь хийж авсан. Тэгээд 2026 онд Аудитаас мөнгө нэмэгдэх нь үндэслэлтэй байна аа гэдэг дүгнэлт гарсан ч тавигдчих юм бол 2026 оны 8 сарын 1-нд гүйцээе гэтэл улсын төсөв батлагдахад нэмэлт хөрөнгө нь шийдэгдээгүй. 2027 оны улсын төсөвт багтаж батлагдлаа гэхэд манай компани үргэлжлүүлэн барих эсэх нь ч тодорхойгүй.
Учир нь нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтэрсэн бол уг компанитай шууд гэрээ байгуулахад хуулийн хязгаарлалт үүснэ. Ийм нөхцөлд өөр тусгай үндэслэл байхгүй бол өрсөлдөөнт тендер шалгаруулалт зохион байгуулж, шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгох шаардлагатай. Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.4-т заасан үндэслэлээр өмнөх гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах боломжгүй болж буй юм. Ирэх оны төсөвт багтаж батлагдлаа гэхэд хуулийн дагуу ахин тендер зарлах, шалгаруулах, барилгын ажил явагдах гэсээр нэмээд бага сургуулийн барилгын өргөтгөл ахин нэг оныг үдэх бололтой. Тэр хугацаанд энэ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгууд эхнээсээ ашиглалтад орж нэгдүгээр ангид элсэн суралцагчдын тоо багадаа нэг бүлэг болж нэмэгдэх магадлалтай. Асуудал ингэж л даамжирдаг.
Нийслэлд 3000-аас дээш сурагчтай 38 сургууль байгааг салбарын сайд нь Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд дурдана лээ. Тус бүрдээ өөр, өөр асуудалтай ч эцсийн хохирогч нь хүүхэд.
Нийслэлийн 45-р сургуулийн захирал Ц.Пүрэвцэрэн 1956 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан сургуульд өнөөдөр 1377 хүүхэд сурч байгаа ч барилгын ашиглалтын хугацаа бүрэн дууссан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. 45-р сургуулийн хичээлийн байрыг буулгаж, шинээр сургууль барих зураг төсөв бэлэн болсон ч 28.1 тэрбум шаардагдах тооцоо гарчээ. Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч зогсонги байдалд орж, энэ оны зургаадугаар сараас гүйцэтгэгч компанийг сольсон ч үргэлжлүүлэн хийх ажлын зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгалгүй орхисныг эрхлэгч нь дурдав.
Улсдаа ганц, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн байр мөн стандарт шаардлага хангахгүй болжээ. Орон нутаг, алслагдсан дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг хэдий ч дотуур байргүй учраас хичээлийн байрныхаа нэг жигүүрт сурагчдаа амьдруулж, гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Энэ мэт олон асуудал жил жилийн намарт, эсвэл төсөв хэлэлцэх үеэр яригдаад ирэх жил хүртэл нь намждаг. Тэр дундаа шийдэгддэг нь хуруу дарам цөөн учир нийгмийн ч, эдийн засгийн хувьд ч ужиг өвчин мэт болжээ.
Дээр дурдсан олон жишээ, хөндөгдөж буй асуудлууд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төсөв, зардлын хэмжээ гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын эрэмбэ, төлөвлөлт, хэрэгжилт гүйцэтгэлийн чанар, хариуцлагыг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгааг харуулж байна.

Нийтлэлийн эхэнд дурдсан “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг туйлын буруу шийдвэр гэж шууд дүгнэх боломжгүй. Өнөөх л түмэн шалтгааны улмаас хуучирч муудсан, нурсан эвдэрсэн, багтаж шингэхээ больсон сургуулийн сурагч хүүхдүүдийн үндсэн эрхийг түрээсийн байраар ч болов түр аргалж буй. Зөвхөн энэ хөтөлбөр 9900 хүүхдийг хамарч байгаа гэдгээс тулгарсан асуудлын цар хүрээг тооцоолж болно.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Өнөөдрийн ханшаар 650 хүүхдийн сургууль 6-7 тэрбум төгрөгөөр баригдаж байна. 50 тэрбум төгрөгийг дан ганц энэ бодлогод зарцуулахгүй. Үүний 18 тэрбум төгрөгийг нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анги, танхим тохижуулах болон сурах бичигт зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөх ажилд зарцуулна.
Мөн тэрээр одоогоор 180 сургууль, 95 цэцэрлэг шинээр шаардлагатай байгааг хэлээд, эдгээрийг барихад улсын төсвөөс 2.4 их наяд төгрөг, урсгал зардалд нь 300-400 тэрбум төгрөг шаардлагатай, үндсэндээ 30- 40 тэрбум төгрөгөөр 40-50 мянган хүүхдийн асуудлыг шийдэж байна.
Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлгийн үеэр сайд нь ингэж тайлбарласан. Хэр бодитой тоо гэдгийг яг таг хэлж мэдэхгүй ч хэл амтай excel файлаас харахад хэтрүүлсэн тооцоолол байх магадлал өндөр л санагдсан. Ашиг сонирхолд чиглэсэн гэрээг нь нарийн шүүгээд хэрэгтэйд нь өгвөл “Гэрт ойр сургууль” хөтөлбөр хэсэгтээ гал намжаах боломж олгоно. 4-р сургуулийн хувьд “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Гэхдээ асуудал бас бий.
НЕБ-ын 4-р сургуулийн захирал Б.Наранчимэг
Манай сургуулийн хувьд 960 хүүхдийнх ч хүчин чадлаасаа даруй 3 дахин их буюу 2900 хүүхэд суралцаж байгаа гэсэн үг. Бага сургуулийн өргөтгөл ашиглалтад орох юм чинь гэсэн төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн 7 сард нэмэлт хөрөнгө нь шийдэгдээгүй. Тийм учраас бид тэр дор нь яаралтай Нийслэлийн боловсролын газарт хандаад “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн 22 дахь сургууль нь болж орсон. 22 дахь нь болж бид нарт нэгдүгээр ангийн сурагчдын хичээллэх түрээсийн байрыг шийдэж өгөөгүй болбол бид нар гурван ээлжинд шилжин хичээллэх байсан. Одоогоор төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцлын үндсэн дээр байр эзэмшигч компаниасаа түлхүүрийг нь авч хүүхдүүдээ оруулсан. Одоогоор ямар ч төлбөр төлөөгүй, 2027 оны төсөвт суучих байх гэсэн тайлбар өгөөд сурагчдаа хичээллүүлж байна. Түрээсийн мөнгөө өгөөгүй болохоор байрыг маань сулла гэвэл бид сурагчдаа үндсэн сургуулийнхаа байранд татаж 3 ээлжийн хуваарилалтаа хийж хичээллэхээс өөр аргагүй байдалд орох байх. Түрээсийн төлбөрийн асуудал бол сургуулийн захиргааны биш НБГ, яамны шийдэж өгөх зүйл учир бид ямар шийдвэр гарахыг хараад суухаас өөр аргагүй болсон.
2026-2027 оны хичээлийн жилд 4-р сургуульд элсэн орсон нэгдүгээр ангийн 8 бүлгийн сурагчдаас 6 бүлэг анги нь түрээсийн байр буюу хотхоны бага сургуульд хичээллэхээр болжээ. Өмнө нь цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн ашиглаж байсан уг байранд нэгдүгээр ангийн 6 бүлэг өглөө, өдөр гэсэн 2 ээлжээр хичээллэж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор сургуулийн захиргаа тухайн компанитай түмний хүүхдийн нэрийг барин байраа бэлдэж, тавилгаа суурилуулан сурагчдаа хичээллүүлж буйгаа захирал Б.Наранчимэг учирлав. Энэ хичээлийн жилд тус байрны түрээсэнд нийт 250 сая орчим төгрөг төлөх аж. Бага сургуулийн өргөтгөлөө дуусгахад хэрэгтэй 2.5 тэрбум төгрөгийг энэ жилдээ шийдэж чадаагүй, ирэх жилийн төсвийг хүлээхээс аргагүй болсон сургуулийн захиргаанд өөр сонголт байсангүй.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар
“Гэрт ойр сургууль” гэдэг хөтөлбөрт зарцуулах гэж байгаа дүн нь 2024 оны төсвийн жишгээр бол дунджаар 320 хүүхдийн багтаамжтай 10 сургууль барих төсөв. Төсөв нь батлагдаад, энэ жил “Гэрт ойр сургууль”-д орчихлоо гэхэд дараа жил нь яах юм?
Нэг анги 50 хүүхэдтэй хичээллэхэд ариун цэврийн өрөө ашиглахаас эхлээд тулгарах байсан асуудлуудыг энэ өвөлдөө ямар ч байсан итгэлцлээрээ шийдсэн нь энэ. Түрээсээ өгөхгүй бол нэгдүгээр ангийн 220 орчим сурагч 3 ээлжээр хичээллэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэл ашигтай байх боломжтой. Харин төсвөө батлуулаагүй, зөв хуваарилаагүйн гороор итгэж түншилсэн нэг компани түрээсийн ашгаа алдах, эцэг эхчүүд орой бүрийгээр багачуулаа зөөх эрсдэл үүсэх нь.
Энэ бүхний буруутан нь хэн бол. Ашиг сонирхол хавчуулсан төсөл, хөтөлбөр санаачилж итгэл алдсан сайд нь уу, булхай бурууг нь илчилж эхэлмэгц бүгдийг нь зогсоож хаасан гишүүд үү. Маргаашийн орлогыг өнөөдөр хувааж, өөр өөрийн “төсөл”-өө зүтгүүлж улсын мөнгийг хувааж авахаар хичээж яваа төсөв зохиож, батлагсад уу. Буруутан нь хэн байсан ч эцсийн хохирогчид нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд.