
Английн шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Питер Ф.Хэмилтон энэ өдөр төржээ. Тэрээр өргөн цар хүрээг хамарсан сансар огторгуйн сэдэвт романууд туурвидгаараа алдартай бөгөөд “Night's Dawn Trilogy” хэмээх гурамсан бүтээл нь орчин үеийн зөгнөлт зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгт тооцогддог.
NIGHT'S DAWN TRILOGY
Уг гурвалсан роман нь сансар огторгуй дахь өргөн хүрээний сэдвийг хамрахаас гадна метафизик айдас, технологийн дэвшлийг хослуулсан өргөн цар хүрээтэй “эпик” бүтээл юм. Үйл явдлын хувьд гэвэл үхсэн хүмүүсийн сүнс амьд ертөнцөд нэвтэрч ирснээр соёл иргэншлийн тогтолцоо ганхаж эхэлдэг.
Хэмилтон шашин, шинжлэх ухаан, улс төрийн зөрчлийг нэгэн том галактик драм болгон цогцлоожээ. Олон дүр, олон шугам бүхий өгүүлэмж нь түүний бичлэгийн онцлогийг тод харуулна. “Space opera” төрлийн орчин үеийн хамгийн шидээвэр бүтээлүүдийн нэгээр тус романыг нэрлэдэг.
PANDORA'S STAR
Энэ роман нь “Commonwealth Saga”-гийн эхлэл бөгөөд хүн төрөлхтөн өт хорхойн нүхээр холбогдох оддын холбоог байгуулсан ирээдүйг дүрсэлдэг. Гэвч алс холын оддын системд хаалттай “Dyson sphere” илэрснээр аймшигт нууц задрах болно.
Харь гарагийн оюун ухаантай анхны бодит мөргөлдөөн нь романийн гол зангилаа болдог. Хэмилтон улс төр, эдийн засаг, технологийн нарийн бүтэцтэй ирээдүйн нийгмийг эл бүтээлдээ нарийвчлан байгуулж чадсан юм. Уншигчийн ухамсрыг аажмаар тэлэх сансар огторгуйн түгшүүрт уур амьсгал руу уг ном татан оруулдаг.
JUDAS UNCHAINED
Дээрх зохиолын шууд үргэлжлэл болох уг роман галактикийн хэмжээний дайныг төгсгөлийн шатанд хүргэнэ. “Morning Light Mountain” хэмээх харь гарагийн оюун ухаан хүн төрөлхтний оршихуйд ноцтой заналхийлнэ. Хүмүүсийн дотоод улс төр, урвалт, стратеги зэрэг нь тулааны хувь заяаг шийддэг.
Хэмилтон шинжлэх ухааны санааг философийн асуулттай холбож, “ухамсарт амьдралын ёс суртахуун” хэмээх сэдвийг сөхнө. Өрнөл нь хурц, цар хүрээ нь сүрлэг, төгсгөл нь харуусал төрүүлэм зохиол.
THE DREAMING VOID
“Void Trilogy”-гийн эхний роман бөгөөд шинжлэх ухааны зөгнөлт ба фантази хоёрын заагийг бүдгэрүүлдэг. Галактикийн төвд орших “Void” хэмээх нууцлаг бүс хүний хүслийг бодит болгодог гэх домогтой. Түүний дотор өрнөх дундад зууны маягийн өгүүлэмж ба гаднах ирээдүй, сансрын ертөнц хоёр зэрэгцэн оршино.
Итгэл үнэмшил, домог, технологийн хамаарлыг зохиолч гүн ухааны түвшинд задлан харуулжээ. Тиймээс эл номыг Хэмилтоны шинэ ертөнц бүтээх чадварын нэгэн оргил илэрхийлэл гэж үздэг.
FALLEN DRAGON
Уг роман нь корпорацийн колоничлол, цэргийн экспедицийн тухай өгүүлдэг. Ирээдүйн капиталист дэглэм алс гарагуудыг эдийн засгийн ашиг сонирхлоор эзэмшинэ.
Гол дүр болох Лоуренс Ньютон өөрийн өнгөрсөн хийгээд ёс суртахууны сонголттой тулгардаг. Нийгмийн шударга ёс, эрх мэдлийн бүтэц, хувь хүний хариуцлагыг хурц өнцгөөс харуулна. Хэмилтоны бусад эпик цувралаас хамгийн нягт бүтэцтэй бүтээл бол энэ.