
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль улс орондоо цэргийн онц байдал зарласныхаа төлөө бүх насаар хорих ял сонссон. Тэрээр өөрт нь оноосон ялыг сонссоныхоо маргааш ард иргэдээсээ уучлал хүсжээ.
Тэрбээр Сөүлийн Төв дүүргийн шүүхийн “Үндэсний Ассамблейд цэрэг оруулсан нь төрийн эргэлттэй дүйцнэ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаагаа мэдэгдсэн байна.
Юн 2024 оны арванхоёрдугаар сард онц байдал тогтоох оролдлого хийснийхээ төлөө бослого өдөөсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгагдан өнгөрсөнпүрэв гарагт бүх насаар хоригдох ял сонссон. Прокурорууд түүнд цаазын ял оноохыг шаардаж байсан юм.
“12-р сарын 3-нд цэргийн онц байдал зарлах шийдвэрийг би зөвхөн улс орон, ард түмнийхээ төлөө гаргасан. Улсаа аврах шийдвэр байсан ч миний алдаанаас болж ард түмэндээ их шаналал, цөхрөл учруулсандаа гүнээ уучлал хүсэж байна” гэж тэр өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.
Шүүгч Жи Күи ерөнхийлөгч асан Юныг “сөрөг хүчний хяналтад байсан Үндэсний Ассамблейг хууль бусаар булаан авах, улс төрчдийг баривчлах, тодорхой хугацаанд хязгааргүй эрх мэдэл хэрэгжүүлэх зорилгоор цэрэг, цагдааг дайчилсан” хэмээн бослогын гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Юн Өмнөд Солонгосын түүхэнд дээд хэмжээний ял авсан анхны ерөнхийлөгч болжээ.
Юны онц байдлын зарлиг зургаан цагийн дараа парламент хяналтаа эргүүлэн авснаар дууссан ч улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Тэр тухайн үед “төрийн эсрэг хүчнүүд” болон Умард Солонгосоос учрах аюулыг шалтгаан болгож байсан билээ.
Юн давж заалдах эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнд давж заалдах долоон хоногийн хугацаа өгчээ. Өнгөрсөн сард түүний эхнэр, тэргүүн хатагтай асан Ким Кён Хи улс төрийн ашиг сонирхлын төлөө хахууль авсан хэргээр 20 сарын хорих ял сонссон.
Юн өнгөрсөн долдугаар сараас хойш хоригдож байгаа бөгөөд өмнө нь өөр хэргээр таван жилийн ял авсан. Пүрэв гарагийн шийдвэрээс гадна түүнд холбогдох зургаан шүүх хурал үргэлжилж буй. Юны өмгөөлөгч Ю Жон Хва түүнийг “одоогийн сэтгэлзүйн байдлаа илэрхийлсэн” болохоос давж заалдах эрхээсээ татгалзсан гэсэн үг биш гэж мэдэгдсэн байна.