
Аяллын хөлөг онгоц дээр гарсан хантавирусийн дэгдэлт нь шинэ цар тахлын эхлэл биш гэж ДЭМБ мэдэгдлээ.
Халдварт өвчний тархвар судлаач Мариа ван Керхов хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ энэ нөхцөл байдал зургаан жилийн өмнөх Ковид19-ийн үеийнхтэй адил биш, хантавирус нь “ойр, дотно хавьтлаар” дамждаг гэжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд Нидерландын MV Hondius хөлгөөс саяхан буусан олон арван хүнийг яаралтай мөрдөн тогтоох ажиллагаа явуулж байна.
ДЭМБ мэдээлэхдээ сэжигтэй найман тохиолдлын тав нь хантавирусийн халдвар болох нь батлагдсан гэжээ. Одоогоор гурван хүн нас барсны дотор 69 настай нидерланд эмэгтэй багтаж байгаа бөгөөд тэр вирусийн халдвартай байсан аж. Түүний нөхөр болон герман эмэгтэй нас барсан тохиолдлыг шалгаж байна.
Хүнээс хүнд халдсаныг баримтжуулсан анхны тохиолдол
Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаас халдварладаг. Гэвч энэ удаагийн дэгдэлтэд хүнээс хүнд халдсан тохиолдлыг анх удаа баримтжуулагдсан гэж ДЭМБ мэдэгдсэн байна.
Oceanwide Expeditions компанийн эзэмшлийн тансаг зэрэглэлийн аяллын хөлөг дөрөвдүгээр сарын 1-нд Ушуаяа хотоос аяллаа эхлүүлэн тавдугаар сарын 10-нд Испанийн Канарын арлуудад хүрэх төлөвтэй байгаа юм.
Эхэндээ 28 орны нийт 150 орчим зорчигч болон багийн гишүүд хөлөг дээр байсан гэж мэдээлсэн боловч дөрөвдүгээр сарын 24-нд олон арван хүн Гэгээн Элена арал дээр буужээ.
Мария ван Керхов “Энэ бол ковид ч, томуу ч биш. Маш өөрөөр тархдаг” гээд MV Hondius хөлөг дээрх бүх хүмүүсийг амны хаалт зүүхийг зөвлөв. Мөн сэжигтэй тохиолдлуудтай ойр байсан эсвэл асарч буй хүмүүс илүү өндөр түвшний хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой гэжээ.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гейбрейсус “Нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бага гэж үнэлж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр вирус батлагдсан эхний хоёр хүн Аргентин, Чили, Уругвайгаар дамжин шувуу ажиглах аялал хийхдээ вирус тээгч харх байдаг бүсүүдээр аялжээ.
Тедрос мөн шинж тэмдэг илэрсэн өөр хүмүүсийн талаарх мэдээллийг ДЭМБ авч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дурдав.
Энэ өвчний нууц үе зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг тул цаашид халдварын тохиолдол нэмэгдэх боломжтой гэдгийг ч анхааруулжээ.
Их Британи, Испани, Сингапурт хяналт үргэлжилж байна
Пүрэв гарагт Oceanwide Expeditions компани мэдэгдэл хийн 12 улсын иргэншилтэй 29 зорчигч Гэгээн Элена арал дээр хөлгөөс буусан гэжээ. Мөн нас барсан нэг хүний цогцсыг хөлгөөс буулгасан нь нидерланд эрэгтэй болох нь тогтоогдсон байна.
Буусан хүмүүсийн долоо нь Британийн иргэн байсан аж. Их Британийн Эрүүлийг хамгаалах агентлагийн мэдэгдсэнээр
Испани улсын албаныхан мэдэгдэхдээ хөлөг Канарын арлуудад ирсний дараа Британийн иргэдийг эх оронд нь буцаах тусгай нислэгийн талаар Лондонтой “маш ахисан түвшний” хэлэлцээ хийж байгааг дурдсан байна. Испанийн Иргэний хамгаалалт, онцгой байдлын газрын дарга Виржиниа Барконес одоогоор хөлөг дээр Британийн 19 зорчигч, багийн 4 гишүүн, АНУ-ын дөрвөн иргэн байгаа гэж мэдэгдсэн.
АНУ өөрийн иргэдээ шууд авч явах онгоц илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өвчтөнүүдийг олон улсад хянаж байна
Oceanwide Expeditions компани анхны батлагдсан тохиолдол тавдугаар сарын 4 хүртэл мэдээлэгдээгүй бөгөөд хөлгөөс буусан бүх хүмүүстэй холбоо тогтоосон байна.
Нидерландын засгийн газрын мэдээлснээр 69 настай Нидерланд эмэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд хөлгөөс буугаад Өмнөд Африк руу явсан ч хоёр хоногийн дараа нас баржээ. Түүний нөхөр дөрөвдүгээр сарын 11-нд хөлөг дээр нас барсан боловч хантавирус батлагдаагүй байна. Мөн уг эмэгтэй Йоханнесбургаас Нидерланд руу нисэх KLM компанийн онгоцонд суух гэж байсан ч нислэг эхлэхээс өмнө бие нь мууджээ.
Нидерландын эрх баригчид тухайн нислэгийн зорчигчдод захидал илгээж, “хяналтад байх”-ыг хүссэн байна.
Гурав дахь нас баралт болох Германы эмэгтэй тавдугаар сарын 2-нд MV Hondius дээр нас барсан бөгөөд түүний тохиолдол мөн батлагдаагүй аж. Цогцос нь одоо хүртэл хөлөг дээр байгаа юм.
Лхагва гарагт Британийн, Нидерландын болон Германы иргэн гурван хүнийг хөлгөөс нүүлгэн шилжүүлжээ.
Сингапурын Халдварт өвчний хяналтын байгууллага мэдэгдэхдээ 67 настай Сингапур эр, 65 настай байнгын оршин суугч хоёрыг тусгаарлаж шинжилж байгаа. Тэд нас барсан 69 настай эмэгтэйтэй нэг нислэгээр Ариун Эленагаас Йоханнесбург руу ниссэн гэжээ.
Тэдний шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Мөн АНУ-ын Жоржиа, Аризона мужууд хөлгөөс буугаад АНУ-д буцсан гурван зорчигчийг хянаж байгаа бөгөөд одоогоор шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
Аргентины Эрүүл мэндийн яам Ушуаяа хот орчим дахь мэрэгч амьтдад шинжилгээ хийхээр болсон байна.