
Авто тээврийн хэрэгслийн “азын” дугаарын дуудлага худалдаанаас төвлөрдөг орлого Хүүхдийн төлөө санд төвлөрхөө больсон талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэлээ.
Тодруулбал, салбарын хууль хүчингүй болсонтой холбоотойгоор дээрх орлого тус санд төвлөрөх эрх зүйн зохицуулалтгүй болсон байна. Өмнө нь автомашины тусгай, дуудлага худалдааны дугаарыг борлуулж, олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлдэг байсан. Улмаар уг хөрөнгийг хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалттай байсан аж. Харин хууль эрх зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү орлогын эх үүсвэр тасарсан нь Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтэд нөлөөлөхөөр байгааг албаныхан мэдээллээ.
Иймд цаашид “азын” дугаарын орлогыг дахин Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.