Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ-д хандсан. УИХ-ын уг асуудлыг хүлээн авснаасаа хойш гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс ирэх даваа гаригт хэлэлцэхээр төлөвлөж байна. Ингэхдээ зөвхөн Байнгын хороогоор хэлэлцэх бус чуулганы хуралдаанаар ч хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
УИХ дахь намын бүлгүүд даваа гаригт 10.00 цагаас хуралдана. АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бүлгийнхээ хуралд оролцуулж тайлбар авна гэдгээ мэдэгдсэн. Дараа нь 12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 14.00 цагаас чуулганы хуралдааныг эхлүүлж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.