
Сүүлийн таван жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Сүүлийн хоёр жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог аж.
Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ.