
Азийн хамгийн том кино наадмуудын нэг болох Өмнөд Солонгосын Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадам “Vision” хэсэгтээ өөрийн болон Азийн орнуудын 23 бие даасан киног шалгаруулан оролцуулахаар болсноо зарлалаа.
Уг жагсаалт дотор найруулагч С.Бямбын "Зогсоол" уран сайхны кино шалгарчээ. Ингэснээр ирэх аравдугаар сард Бусан хотноо дэлхийн нээлтээ хийхээр болжээ.
Найруулагч С.Бямба нь "Guru Media" продакшны хамтран үүсгэн байгуулагч бөгөөд “Хүсэл, шунал”, “Алсын удирдлага”, зохиолч Г.Аюурзаны "Хэвтрийн хүн" туужаас сэдэвлэсэн ижил нэрт бүтээлүүдийг олны хүртээл болгожээ. Түүний кинонд Монголын нийгмийн шилжилт маш чухал байр суурь эзэлдэг. Тэрээр социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжсэн үеийн өөрчлөлтийг зөвхөн улс төрийн үйл явдал бус харин хувь хүний оршихуй, үнэт зүйл, хүсэл, айдас, ганцаардалтай холбон авч үздэг.
Солонгос болон Азийн бие даасан кино урлагийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх зорилготой “Vision” хэсэг нь өнгөрсөн жил “Korean Cinema Today – Vision” хөтөлбөрөөс өргөжин, Азийн бүх тивийн уран бүтээлчдийг хамарсан бие даасан хөтөлбөр болсон юм.
Энэ жилийн сонголтод үе үеийн уран бүтээлчдийг хамарсан өргөн хүрээний төлөөлөл багтжээ. Тодруулбал, өөрийн гэсэн өвөрмөц кино ертөнцийг тууштай бүтээж ирсэн туршлагатай найруулагчдаас гадна олон улсын тавцанд нэр хүнд нь өсөн, дэлхий дахинд танигдаж буй шинэ үеийн авьяастнуудын бүтээлүүд ч багтсан байна.
Ийнхүү “Vision” хэсэг нь Азийн бие даасан кино урлагийн өнөөгийн өнгө төрх, шинэ чиг хандлага, ирээдүйн төлөөлөл болсон уран бүтээлчдийг нэг дор танилцуулах онцгой талбар болох аж.