
Зохиол бүтээл нь дэлхий дахинаа хамгийн их маргаан дагуулсан Францын зохиолч Маркез де Сад энэ өдөр төржээ. Тэрээр XVIII Францын язгууртны нийгэм, шашин, ёс суртхуун, эрх мэдлийн мөн чанарыг хүмүүсийн туйлын ихээр туйлширдаг, нууцлагдмал байдалд хүлдэг хүслийнх нь эсрэг сөргүүлэн тавьж, задлан шинжилсэн зохиолч юм. Түүний бүтээлүүд өдгөө ч уншигчид болоод шүүмжлэгчдийн дунд маргаан дагуулсан хэвээрээ буй.
JUSTINE (1791)
Садын хамгийн алдартай романуудын нэг. Гол дүр Жюстин бол ариун журам, шударга ёсонд үнэнч бүсгүй. Гэвч тэр сайн хүн байх тусам улам их зовлон зүдгүүр амсдаг. Харин уг зохиолд муу хүмүүс амжилт гаргаж, аз жаргалтай амьдарч байгааг зохиолч харуулна. Ийнхүү Де Сад уламжлалт ёс суртахууны ойлголтыг урвуулан эргүүлж, "сайн үйл шагнал дагуулдаг" гэх ойлголтыг няцаасан бүтээлийг уншигчдад барьсан билээ.
JULIETTE (1797)
Энэ бүтээл нь "Жюстин"-ийн эсрэг үзэл хандлагатай роман гэж хэлж болно. Жюстины эгч Жюльетт ямар ч ёс суртахууны баглаа, хүлээсгүйгээр эрх чөлөөтэй амьдардаг. Тэр эрх мэдэл, таашаал, баялгийг олж авдаг бөгөөд амьдралд нь саад болох зүйл үгүй. Зохиолч энд нийгэм үнэхээр шударга уу гэсэн асуултыг дэвшүүлдэг. Олон судлаач уг романыг түүний философийн гол тунхаг гэж үздэг.
THE 120 DAYS OF SODOM (1785)
Магадгүй дэлхийн уран зохиолын хамгийн маргаантай бүтээл энэ болов уу. Де Сад уг зохиолоо шоронд байхдаа бичжээ. Дөрвөн язгууртан эрх мэдэл, хүчирхийлэл, хүний хүслийн туйлын хэлбэрүүдийг туршиж буй тухай өгүүлнэ. Энэхүү роман нь уншигчийг цочирдуулж, эрээ цээргүй дүрслэлийн улмаас шашныхны эсэргүүцэлтэй тулгарч зохиолчийг торны цаана саатуулахад хүргэж байв. Гэвч хязгааргүй эрх мэдэл хүнийг хэрхэн буг чөтгөрийн авиртай болгож өөрчилдөг болохыг тод томруун, туйлан үнэнээр нь үзүүлэхээр зориг шулуудсан учир өдгөө ч тус роман уншигчдын дунд амьдарсаар байна.
PHILOSOPHY IN THE BEDROOM (1795)
Роман, жүжиг, философийн хэлэлцүүлэг гурвыг хослуулсан өвөрмөц бүтээл. Залуу охиныг эрх чөлөөт амьдралд сургаж буй язгууртнуудын монологоор үйл явдал өрнөнө. Францын хувьсгалын дараах улс төр, шашин, ёс суртахууны талаарх зохиолчийн үзэл санаа эл бүтээлд туйлын тод илэрдэг. Зарим судлаач үүнийг түүний гүн ухааны бүтээл байхаас зайлбаргүй гэж тодотгосон байдаг.
ALINE ET VALCOUR (1795)
Де Садын бусад бүтээлүүдтэй харьцуулахад бага яригддаг ч уран зохиолын хувьд хамгийн сонирхолтой нь байж магадгүй. Захидал хэлбэрээр бичигдсэн энэ роман хайр дурлал, улс төр, нийгмийн байгууллын тухай өгүүлдэг. Утопи ба дистопи нийгмүүдийг харьцуулан дүрсэлсэн нь хожуу үеийн улс төрийн романуудын эхлэл болсон юм. Де Сад зөвхөн цочирдом дүрслэл бус нийгмийн байгууллын тухай эргэцүүлэл хийж чаддаг зохиолч байсан гэдгийг эл бүтээл харуулдаг.