
Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын асуулгын цагийг зохион байгуулж Ерөнхий сайд тодорхой сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдтэй мэтгэлцдэг. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цагаар "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцлээ.
Ерөнхий сайд Н.Учрал УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултад хариулахдаа "Би авлигын эсрэг тэмцэл дээр О.Цогтгэрэл даргатай улс төр огт хийхгүй. Танай, манай гэж ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл, танайд ч авлигыг өөгшүүлсэн нөхөд байна, манайд ч байна. Энэ нөхдүүдээсээ салж яаж урагшлах вэ гэдэг дээр хоёулаа золбоотой ажиллъя. Та хувийн хэвшилд байсан зовлон жаргал үзсэн хүн. Би уруудаж өгсөөд үхэл амьдралын заагаас өнөөдөрт ирсэн хүн учраас надад элдэв шунал тачаал байхгүй. Тиймээс би золбоотой ажиллана. Дээрээс нь атаман танихгүй. Янз бүрийн кинонд гардаг кино драма үзүүлэхгүй. Би нэг компанийг муулж, нөгөө компанийг нь цоллож өргөмжилж явахгүй. Ажлаараа харуулна. Танайд ч байгаа манайд ч байгаа зүйлтэй хамтран нийлээд дэмжвэл АН Засагт хамтраагүй ч авлигын эсрэг тэмцэлд хамтръя гэж уриалж байна.
Миний үзэл санааны хувьд чөлөөлөлтийн бодлого дээр үргэлж оршино. Энэ бол хэн нэгний сэдэв биш та бидний хамтын сэдэв.
Би төсөл гацаагч биш. Төслийн гарцыг гаргаж ирсэн. Дуусдаггүй олон яриаг дуусгасан. Орона майнингтай хийх хэлэлцээр дээр орчин үеийн боловсролтой залуусыг урьж санхүүгийн хэлэлцээр хийж ирээдүйд ямар ч өр төлбөрт орохгүй олон улсын гэрээ хийсэн. Тиймээс төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахад эвлэрэхгүй. Засгийн хурал дээр Туулын хурдны зам дээр хууль хяналтын байгууллага эцсийн цэгийг хатгатал зогсоолоо гэдгээ хэлсэн.