Монголын ард түмний энэ их дэмжлэгийн нөлөөгөөр би олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг давж байгаа.

Спортын “Хатан хаан” хэмээгддэг хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх намар Япон улсын Токио хотод эхэлнэ. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 13-21-ний хооронд дэлхийн шилдэг тамирчид арлын оронд саатах юм. Хоёр жил тутамд явагддаг тус тэмцээний марафоны төрөлд World athletics буюу Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос оролцох тамирчдын нэрсийг тавдугаар сарын 14-ний өдөр зарласан. Тэдэн дунд Монголын эрэгтэй марафончдоос гавьяат тамирчин Б.Сэр-Од болон Ц.Бямбажав нар багтлаа. Мөн эмэгтэй тамирчдаас “Парис 2024” зуны олимпын наадамд уралдсан Г.Хишигсайхан (37-р байр), Б.Мөнхзаяа (39-р байр) нар эрхийн болзол ханган Токиод уралдах болсон. Энэ удаагийн ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, О.Оюунтуяа нар ажиллах юм.

12 дахь удаагаа ДАШТ-д оролцох болзлоо хангасан марафончдын дунд нэгэн онцгой амжилтыг Б.Сэр-Од бичлээ. Тэрээр эрэгтэй марафон гүйлтийн төрөлд entry standard буюу 2 цаг 6 минут 30 секундээс дотогш гүйсэн цагийн амжилтыг давтаж 100 тамирчин оролцох квотын 66-д бичигдэн Токиод уралдах нь тодорхой болсон.

Зөвхөн эрхийн болзол хангасан тамирчид 20 дахь удаагийн ДАШТ-д оролцох учир Б.Сэр-Од ч тэдний нэг болсон нь өнгөрөгч долоо хоногийн онцлох мэдээлэл байв. Бахархам амжилтыг “Парис 2024” зуны олимпын XXXIII наадамд гаргаж байсан түүний хувьд энэ жил дахин “Токио 2025” ДАШТ-д өөрийн үзүүлсэн амжилтаа ахиулахаар боллоо.

Б.СЭР-ОД: ЗУНЫ ОЛИМПЫН XXXIV НААДАМД ОРОХ ХҮСЭЛ БИЙ

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Токио 2025” ДАШТ-д оролцох марафончдын нэрсийг зарласнаас хойш гавьяат тамирчин Б.Сэр-Од үндсэн бэлтгэлдээ оржээ. Тэрээр Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ч өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирээд буцлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө “Токио 2025” ДАШТ-д оролцох эрхийг хангасанд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Сайхан мэдээтэй өдөр байна. Энэ мэдээг хүлээж байлаа. Багтаж чадсан байна. Би 2024 оны олимпоос хойш бэлтгэлээ таслаагүй, хийсээр байгаа. Энэ удаа Монголын хоёр эрэгтэй марафонч ДАШТ-д оролцоно. Мэдээж энэ эрхийг дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос улам нарийн тооцож гаргадаг болсон. Урьдчилсан тэмцээнд амжилттай оролцож байсан болохоор багтах болов уу гэж хүлээж байлаа. Сая зөвхөн эрхийн болзол хангасан 100 тамирчны нэр гарлаа. Энд багтсандаа баяртай байна. Одоо марафончдын хувьд өрсөлдөөн өндөр болсон. ДАШТ-д оролцох эрхийг олон тамирчин авч чадаагүй. Маш олон тамирчин хасагдсан. Тэдний дунд Европ, Америк, Ази тивийн тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг тамирчид ч байгаа. Цагийн нормативийг биелүүлж эхний 100-д багтаж шалгаруулалтыг давахын тулд тухайн тамирчны оролцсон тэмцээн уралдаан чухал байдаг. Энэ хэрээр өөрийгөө бэлдэж чадлаа. Миний хувьд төлөвлөгөөт бэлтгэлийн үр дүнд “Парис 2024” зуны олимпын дараа чансаагаа алдахгүй байхыг хичээсэн. Олимпын наадмын дараа ч зэрэглэл өндөр марафонд уригдан оролцож байсан нь энэ удаагийн эрх авахад нөлөөлсөн.

“Парис 2024” зуны олимпын дараа марафончдыг дэмжсэн үйл явдал болсон. Энэ талаар эргэн дурсаач?

Миний хувьд 2024 он онцгой амжилттай өнгөрсөн. Олимпын наадам болон АНУ-д болсон марафонд уригдсан гээд сайхан үйл явдал их байв. “Парис 2024” зуны олимпын дараа марафончдыг дэмжиж урамшуулсан “Бичил глобус” байгууллагын хамт олонд талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ нь залуу тамирчдад том урам зориг болж тэдэнд бэлтгэлээ сайн хийвэл мөрөөдөл хол биш гэдгийг харуулж чадлаа. Мэдээж марафоныг сонгоно гэдэг амаргүй. Тамирчин бүр энэ зайд олимпын эрх авахад хэцүү болсон. Мөрөөдлийнхөө төлөө явж чадвал болохгүй зүйл байхгүй гэдгийг миний амжилтаас харж болно. Тиймээс надад өгч байгаа ч гэсэн энэ нь залуу тамирчдад улам их итгэл найдвар болсон. Парисын олимпын дараа надад тусгайлан машин бэлдсэнийг сонсох сайхан байлаа. Монголд ирэх бүрдээ машинаа унадаг.

Таны хувьд “Улаанбаатар марафон” тэмцээний аварга тамирчин. Энэ удаагийн тэмцээнийг өнжих болсон шалтгаан юу вэ?

Одоо ДАШТ-ий бэлтгэлдээ анхаарч байгаа. Бэлтгэл маш чухал. “Улаанбаатар 2025” олон улсын гүйлтийг өнжсөн. Энэ жилийн хамгийн чухал тэмцээн бол “Токио 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Үүнд л гол анхаарлаа хандуулж байна. 10 жилийн ойтойгоо золгосон “Улаанбаатар 2025” марафоныг залуу тамирчид чимэх учиртай. Залуучуудаа дэмжиж байна. Энэ тэмцээнээс залуучууд маань урам зориг авч цаашдын тэмцээн уралдаандаа оролцох итгэл найдвартай болно. Би ч бас энэ тэмцээнд түрүүлж, өөрийгөө нээж байлаа. Энэ жил залуучуудаа дэмжих үүднээс өнжсөн. ДАШТ-ий өмнө эх орондоо ирж шигшээ багийн тамирчидтай бэлтгэлд гарахаар холбооныхонтойгоо ярилцаж байгаа.

Та “Парис 2024” зуны олимпын дараа тасралтгүй тэмцээн уралдаанд оролцсон. “Токио 2025” ДАШТ-д оролцох эрхтэй боллоо. Магадгүй 2028 онд АНУ-д болох зуны олимпыг зорьж байгаа байх?

Парисын зуны олимпын дараа би өөртөө улам л итгэх итгэлтэй болсон. Би олимпын эрх авч уралдсан учраас хүч орсоор байна. Oлимпод орохын өмнө эрхийн шалгуур ч өндөр байсан. Гэхдээ бэлтгэлийн дэглэм, дасгалжуулагчийн арга барилыг алдсангүй. Хамгийн чухал нь тамирчны сахилга бат байдаг. Дэлхийн аль ч орноос шилдэг марафонч гарч ирэх болсон энэ үед олон улсаас тавьж буй цагийн нормативийг биелүүлэх нь чухал байна. Энэ бүхэнд бэлэн байхын тулд мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд хувийн бэлтгэлээ сайтар хангадаг. Мөн ганц тамирчин хүний хичээл зүтгэл биш юмаа. Би яагаад илүү их итгэлтэй болсон гэхээр бусдын дэмжлэгт байна. Амжилт гаргахын тулд гэр бүл, найз нөхөд болон ойр дотнын хүрээлэл гол нөлөөтэй. Миний энэ амжилтууд ганц надаас шалтгаалж байгаа юм бишээ. Энэ бол Монголын ард түмний дэмжлэг, хүч, урам зоригоор би амжилтаа ахиулж байна. Надад энэ бүгдийг ард иргэдийнхээ дэмжлэг, нөлөөгөөр давж байна гэж бодогдож байна. Би зогсмооргүй байна. Мэдээж гүйж чадаж байгаа бол, олимпын эрхийн болзлыг хангаж байгаа бол, дараа дараагийн тамирчдад урам зориг өгч чадаж байгаа бол зогсмооргүй байна. Залуучуудад итгэл найдвар, урам зориг өгмөөр байна. Бидэнд улам их сайхан ирээдүй байна. Манай залуу тамирчдад цаашид том боломж гарна шүү дээ. Олимпын эрхийн болзол хатуу болж байгаа ч 2028 онд АНУ-д болох зуны олимпын XXXIV наадамд орох хүсэл бий.

Зургаан олимп, 11 ДАШТ ...

Гавьяат тамирчин Б.Сэр-Од ирэх аравдугаар сард 44 нас хүрнэ. 20 наснаасаа эхлэн марафоны 42 км 195 метр зайг сонгосон түүний хамгийн гол дэмжигч нь дасгалжуулагч гэргий О.Оюунтуяа нь юм. Хамтдаа бүтээж чадсан тэдний хичээл зүтгэл 20 жилийн дараа эргэн харахад асар их амжилт үзүүлжээ. Тэр дундаа дэлхийн марафончдын мөрөөдөл болсон олимп, ДАШТ-д оролцох амжилтаа ахиулсаар байна. Түүний нас 44. Гэхдээ тэр дараагийн олимпод уралдмаар байгаагаа нуусангүй. Урт хугацааны турш бэлтгэлээ алдахгүй байж эх орныхоо нэрийг олимпод гаргахын тулд хувийн хариуцлага тамирчин бүрт чухал байдаг.

Б.Сэр-Од байнгын бэлтгэлтэй байж дахин, дахин амжилтаа ахиулах замд Японы ард түмний халуун сэтгэлийн дэм их бий. Тэрээр энэ талаар “Арлын оронд бэлтгэл хийхэд олон давуу тал байдаг. Эхний ээлжинд энэ хүн эрүүл мэндийнхээ төлөө гүйж байж, хоёрт энэ хүн эх орныхоо төлөө гүйж байна, гуравт энэ хүн залуу тамирчдад урам зориг өгөхийн тулд гүйж байна гэдгийг тэд харж чаддаг. Тиймээс Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийх болсон” гэсэн юм.

Б.Сэр-Од зургаан олимп буюу “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио 2016”, “Токио 2020”, “Парис 2024” д оролцсон дэлхийн анхны бөгөөд цор ганц тамирчин болсныг хөнгөн атлетикийн түүхэнд онцлон бичсээр байна. Энэ амжилтаас гадна мөн марафоноор 11 ДАШТ-д оролцож 12 дахь удаагаа оролцох болзлоо хангалаа. Мөн марафоны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж Монголын тамирчдаас анхдагч амжилтыг гаргасан. Зүүн Азийн наадмын мөнгөн медаль түүнийх билээ. Осака, Брайтон, Хофү марафонд түрүүлсэн нь Б.Сэр-Одын гаргасан амжилтад онцгой бичигддэг. Энэ хэрээр тэрээр өөрийн амжилтаа ахиулсаар байна. Дэлхийн гол гол марафонд медальт болон шагналт байрт шалгарч байсан гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од өөрийн амжилтаа ахиулсаар байна. Тэрээр “Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн дэмжлэгээр энэ бүхнийг бүтээж байгаа”-гаа дахин, дахин хэлсэн юм.