
ОХУ болон Умард Солонгосыг Түмэн голын дээгүүр холбосон анхны авто замын гүүрийг даваа гарагт албан ёсоор нээж, хоёр орны найрамдалт харилцааг харуулсан ёслол зохион байгууллаа.
Төрийн далбаагаар чимэглэсэн нэг километр урт, хоёр эгнээ бүхий шинэ гүүрээр анхны ачааны машинууд нэвтэрсэн бол ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин болон Умард Солонгосын Засгийн газрын Ерөнхий сайд Пак Тэ Сон нар видео холбоогоор оролцож, хоёр улсын ажилчид болон төрийн албан хаагчдад хандан үг хэлжээ.
Олон жилийн турш хэлэлцэж ирсэн уг гүүрийн бүтээн байгуулалт 2025 оны дөрөвдүгээр сард эхэлсэн байна. Төслийг Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Умард Солонгост айлчлах үеэр тохиролцсон аж.

Москва болон Пёньяны хооронд шууд нислэг болон төмөр замын холбоо байдаг ч даваа гараг хүртэл хоёр улсыг холбосон зохих авто замын холбоо байгаагүй юм.
Үүний оронд 1959 оноос хойш тусгай тохиролцооны дагуу ойролцоох төмөр замын гүүрэн дээр модон банз байрлуулж, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлдэг байжээ. Тус төмөр замын гүүр нь олон арван жилийн турш хоёр улсын хилээр нэвтрэх цорын ганц гарц байлаа.
“Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлснээр худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна” гэж Мишустин хэлжээ.

Тэрбээр Москва, Пёньяны харилцаа “урьд өмнө байгаагүй өндөр түвшинд” хүрснийг онцолж, гүүрийг нээж буйг “түүхэн үйл явдал” хэмээн нэрлэсэн юм. Түүний хэлснээр уг гүүрийн бүтээн байгуулалт нь зөвхөн инженерийн төсөл биш, харин “найрамдлын шинэ бэлгэ тэмдэг” аж.
Мишустин өдөрт 300 хүртэлх тээврийн хэрэгсэл гүүрээр нэвтрэх боломжтой. Уг гүүрийг ОХУ-ын холбооны авто замын сүлжээтэй холбож, Алс Дорнодын Владивосток хотоос Санкт-Петербург хүртэл үргэлжилдэг тээврийн коридорт хялбархан нэвтрэх боломж бүрдүүлнэ гэж мэдэгджээ.
ОХУ-ын Засгийн газрын мэдээлснээр ачаа тээвэрлэх зориулалттай ачааны машинууд гүүрийг нэн даруй ашиглаж эхэлнэ. Энэ оны эцэс гэхэд гүүр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, зорчигч тээвэрлэхэд мөн ашиглах боломжтой болох ажээ.
Шинэ гүүрийг 1959 онд Солонгосын дайны дараа ашиглалтад орсон “Найрамдлын гүүр” хэмээх одоо байгаа төмөр замын гүүрийн ойролцоо барьсан байна.
-660x0.png)
Бэлгэдлийн утгаараа шинэ гүүрийг Зөвлөлтийн Улаан армийн цэрэг Яков Новиченкогийн нэрээр нэрлэжээ. Пёньян түүнийг 1946 онд Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сений амийг аварсан хэмээн үнэлдэг байна. Тухайн үед Ким Ир Сүн болон бусад хүмүүст шидсэн гранатыг Новиченко биеэрээ хааж, амийг нь аварсан гэж Умард Солонгосын тал үздэг.