
Португалын шигшээ багийнхаа хамт “Алтан дагина” цом өргөх мөрөөдөл нь биелэхгүй байж мэдэх ч Криштиану Роналду өрсөлдөгчийнхөө хаалганд 1000 гоол оруулсан амжилтаар хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхлөхөд ойрхон байна.
Ердөө долоо хоногийн дараа Америк тивд эхлэх ДАШТ түүний хувьд сүүлчийн дэлхий аваргын тэмцээн байх болно гэдгийг Роналду аль өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Тиймдээ ч эхний тойрогт Конготой учраа таарсан Португалын тоглолт тэр дундаа Роналдугийн гоолыг үзэхээр хөлбөмбөг сонирхогчид тасалбарын үнийг 2500 ам.доллар хүртэл хөөрөгдөж орхилоо. Колумб, Ардчилсан Конго, Узбекстантай “К” хэсэгт таарсан Португал хэрвээ хагас шигшээд шалгарч чадахгүй бол Роналду ДАШТ-д тоглохыг үзэх сүүлийн боломж энэ болох учраас аргагүй биз.

Хөлбөмбөгт зарим тоо статистикаас давж, домог өгүүлдэг. 10 дугаар энгийн цифр бус Лионел Мессиг бүрэн илэрхийлнэ. Алсын хараа, бүтээлч байдлыг бэлгэддэг 10 дугаарыг голдуу багийн ахлагч зүүдэг жишгээр домогт Пеле, Марадона, Зинедин Зидан нарын сонголт байв. Тэгвэл хурд, бөмбөг залах гайхалтай ур дүй, огцом гоол оруулах чадвараар онцгойрдог Криштиану Роналду, Жорж Бест, Эрик Кантона, Дэвид Бекхэмийн өмсгөл долоо дугаартай.
Харин одоо дэлхийн спортын хаан тоглоом нэгэн тоон дээр төвлөрч байгаа нь ”Хэн түрүүлж 1000 гоол оруулах вэ” гэдэг асуулт. Үүний цаана ердөө өрсөлдөгчийнхөө хаалганд зоосон гоолыг тоолох бус харин цаг хугацаа, бие махбодийн доройтлыг сөрөн хоёр аравны турш ялалт, дарамт, хүлээлт дунд амьдарсан тамирчны бэрх замнал зурайна. Хөлбөмбөгийн түүхэнд олон хүн өөрийгөө “1000 гоол”-ын эзэн хэмээн зарласан ч албан ёсны баримтаар үнэмлэхүй амжилтын өндөр босгонд дөтлөж очсон хоёрхон тоглогч энэ цаг үед ногоон талбайд гүйсэн хэвээр байна.
2026 оны тавдугаар сарын байдлаар Роналду 973 албан ёсны гоолтой явна. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Месси 910 гоолтой. Нэг нь мэргэн бууч, нөгөө нь тоглолтын суут найруулагч.
Роналдугийн давуу тал мэдээж 1000- ын босгонд хамгийн ойр. 27 гоолын дутууг нэгээс хоёр улиралд нөхөх боломжтой. Түүний карьерыг нэг үгээр “зохицуулалт ба үр ашиг” хэмээн тодорхойлдог. Манчестер Юнайтэд багт өнгөрүүлсэн он жилүүд нь Роналдуг илүү тактикийн, байрлалын довтлогч болгон хувиргасан бол Реал Мадридад тэр мэргэн буучаар цойлсон. Нас ахих тусам хурд нь буурсан ч, байршил сонголт нь төгөлдөржив. 40 орчим насанд тоглогчийн тогтвортой гоолын дундаж зайлшгүй буурдаг ч Саудын Арабын лигт тоглож байгаа өрсөлдөгч багуудын хамгаалалт сул тохиолдолд улирлын 20-25 гоолын хэмнэлээ хадгалах хангалттай боломж бий.
Месси бараг 60 бөмбөгөөр хоцорч яваа ч аргентин залуу Роналдугаас ялгаатай нь гоолын төлөө тэгтлээ шунадаггүй. Харин ч тоглолтын хэмнэлийг өөрчлөн дамжуулалт бүтээж, хамгаалалт задлахад төвлөрдөг. Бэртгэл гэмтлээс ангид, тоглолтын тактикаа зөв найруулж чадвал Интер Майми багтайгаа жилд 25-30 гоолын хэмнэл барих боломж онолын хувьд бий.
Дээд түвшний тоглогчдоор хүч сэлбэсэн Саудын Про лигт өрсөлдөөн ширүүсэж физик тоглолт өндөр хамгаалалтын алдаа гаргахгүй байх шаардлага нэмэгдсэн. Нөгөө талд Major League Soccer илүү нээлттэй, довтолгоонд суурилсан хэв маягтай. Энэ нь Мессид орон зай өгдөг ч хамгаалалтын чанар харьцангуй сул гэсэн шүүмжлэл дагуулдаг юм. Гэхдээ статистикийг эцсийн дүндээ орчин биш, тоглогчийн ур чадвар шийднэ.
Криштиану Роналду
Ойрхи Дорнод эсвэл Европт хаана тоглох нь хамаагүй, миний зорилго юу болохыг та нар мэднэ.Би цом хүртэхийг хүсэж байна, мэдээж бас тэр тоонд (1000 гоол) хүрэхийг хүсэж байна. Хэрэв гэмтэл бэртэл авчихгүй бол би энэ тоонд хүрэх нь гарцаагүй.

Хөлбөмбөгийн хаан Пеле өөрийгөө 1200 гаруй гоолтой гэж ярьдаг байсан. Гэвч түүний гоолын тоонд албан ёсны спорт уралдаан бус нөхөрсөг тоглолт, үзүүлэх тэмцээний үзүүлэлтийг нэмсэн дутагдалтай. Өнөөгийн хатуу шалгуураар бол Пеле ойролцоогоор 760 орчим албан ёсны гоолтой.

2007 онд Бразил даяар 1000 дахь гоолын баяраа сүр дуулиантай тэмдэглэсэн Ромарио ч ялгаагүй нөхөрсөг болон залуучуудын багийн тоглолтыг хамруулан тоолжээ. Албан ёсны статистик мэдээллээр Ромарио Өмнөд Америк, Европ, Ази, Австралид өнгөрүүлсэн замналынхаа турш 745 гоол оруулсан байна.

Жозеф Биканы үзүүлэлт бүр илүү төвөгтэй. Австри, Чехсловакын шигшээ багт 1931-1955 оны хооронд тоглож байсан Биканы зарим бүртгэл дутуу. Зарим архивт 805 гэж бичсэн бол 950, бүр 1000 давсан тоо ч гарч ирдэг. Албан ёсны гэж тооцдог 805 гоол дотор Рапид Вена клубийн сонирхогчийн түвшинд тоглохдоо оруулсан 27 гоолыг багтаасан ч алдаа бий аж.
Харин Роналду, Месси хоёрын өрсөлдөөн тэс өөр юм. Тэдний бүх тоглолт бичлэгтэй, гоол бүр нь орчин үеийн стандартын дагуу бүрэн баталгаажсан. Хөлбөмбөгийн карьерт 300 гоол оруулсан тоглогчийг сайн довтлогч гэдэг. 500 хүрвэл домогт ангилалд орж, 700 давбал үеийнхээ хамгийн агуу тоглогч болно. Цаашлаад 1000-ын босгод ойртоход нэг улиралд тогтмол 30-40 гоол оруулах хэрэгтэй. Байнгын үндсэн бүрэлдэхүүнд тоглоход авьяас дангаараа хүрэлцэхгүй. Төмөр мэт сахилга бат, төгс мэргэжлийн амьдрал дээр нь багахан аз ивээхэд гайхамшгийг бүтээж чадах билээ.