
2021 онд Ла-Маншийн хоолойд 31 цагаач амиа алдсан хэрэгт зургаан хүнийг санамсар болгоомжгүй хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцов.
Францын шүүх Их Британид хүрэхээр Францаас завиар зорчиж явсан цагаачдын дундаас хамгийн олон хүний аминд хүрсэн осолтой холбоотой 13 хүнд зургаан жилээс 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оноолоо.
Парис хотын шүүх лхагва гарагт тэдний зургааг санамсар болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож, зургаагаас 10 жил хүртэлх хорих ял оноосон байна. Прокуроруудын мэдээлснээр тэд задгай тэнгист зорчиход тохиромжгүй жижиг завиар цагаачдыг тээвэрлэх ажиллагааг зохион байгуулсан. Завинд 31 хүн багтаасан нь хэт ачаалалтай, мөн шаардлагатай аврах хантааз байгаагүй аж.
Үлдсэн долоон хүнийг хөнгөн төрлийн гэмт хэрэгт буруутай гэж үзэн дөрөв хүртэл жилийн хорих ял оноожээ. Нийт 14 хүн шүүхээр орсны нэгийг гэм буруугүйд тооцон цагаатгасан байна.
Шүүхийн зүгээс хууль бус хил нэвтрүүлэх ажиллагаа зохион байгуулагчид ашиг хонжоо олохын төлөө үйлдэл хийж, “эх орноосоо дүрвэхийг эрмэлзэж буй хүмүүсийн эмзэг байдлыг ашиглаж ашиг олсон” гэж дүгнэжээ.
“31 хүний амийг авч одож, тэнгис далайг оршуулгын газар болгосны төлөөс гэж бий. Шүүх тэдний төлөх ёстой төлөөсийг шударга ёс болон хорих ял гэж үзлээ” хэмээн хохирогчдын ар гэрийнхнийг төлөөлсөн өмгөөлөгч Эммануэль Дауд хэлсэн байна.
Ихэнх нь Иракийн курд үндэстэн байсан цагаачид 2021 оны арваннэгдүгээр сард Францын хойд нутгаас Их Британийг зорин явсан жижиг завь Ла-Маншийн хоолойд хөмөрсний улмаас живж амиа алдсан юм. Амиа алдсан дөрвөн хүний цогцос одоог хүртэл олдоогүй бол хоёр эрэгтэй амьд үлджээ.
Амьд үлдсэн хүмүүсд тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр Францын цэргийн долоон алба хаагчийг мөрдөн шалгасан хэвээр байна. Тэд бүгд ямар нэгэн буруу үйлдэл хийсэн гэдгээ үгүйсгэжээ.
13 хүнд ял оноосон нь Франц, Их Британи улсууд Их Британийн нутаг дэвсгэрт хууль ёсоор үлдэх эрхгүй гэж үзсэн цагаачдыг Францаас буцаах боломжийг олгосон туршилтын хөтөлбөрөө дуусгаж буйтай давхцаж байна.
Үүний хариуд Их Британи улс орогнол хүссэн өргөдөл нь зөвшөөрөгдөх магадлалтай ижил тооны цагаачийг хүлээн авдаг байв.