Газын зурвас дахь Хамас бүлэглэл, Израилийн арми хоорондын тэмцэл ширүүсэж энгийн иргэд, хүүхдүүд хүмүүнлэгийн тусламж авч чадаагүйн улмаас өдөр бүр үхэж байна. Израилийн бодлогыг буруушаасан Барууны улс орнууд эхнээсээ Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд эхэлсэн билээ.
Гэвч өдгөө Израилын арми цэргийн бодлогоо улам лавшруулж, Газын зурвасыг бүхэлд нь хяналтдаа авна гэдгээ мэдэгдсэн агаад өдөр бүр тэнд хүүхдүүд амь эрсэдсээр байгаа. Иймээс Газын зурвас дахь аюулыг илүү нарийн ойлгоход тань тус болох ОНЦЛОХ таван номын тухай уншигчдадаа хүргэж байна.
THE HUNDRED YEARS’
WAR ON PALESTINE (2020)
Rashid Khalidi

Нью-Йоркийн Колумбын их сургуулийн профессор, түүхч Рашид Халиди уг номдоо Палестины түүхийг 1917 оны Балфорын тунхаглалаас эхлээд өнөөг хүртэл нэгэн төрлийн “Колончлолын дайн” хэмээн тайлбарладаг. Тэрээр Израилийн бодлогыг дан ганц еврейчүүд болоод арабын зөрчил гэхээс илүү барууны империализмын залгамж холбоо гэдгийг анхааруулдаг.
Тус бүтээлийг Палестины ард түмнийг төлөөлж бичсэн хамгийн гүнзгий, нухацтай бүтээлүүдийн нэг хэмээн үнэлдэг билээ. Зохиолч өөрийн гэр бүлийн түүхийг ч оруулсан нь номыг академик мөртлөө хувийн үзэл баримтлал, дүгнэлтээр баялаг болгожээ.
Шүүмжлэгчид уг номыг “Америкийн уншигчдад Палестины ард түмний дуу хоолойг хамгийн ойлгомжтой хүргэсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.
GAZA: AN INQUEST INTO ITS MARTYRDOM (2018)
Norman Finkelstein
Америкийн улс төр судлаач Норман Финкелштейн Газын бүсэд болсон Израилийн цэргийн ажиллагааг олон улсын эрх зүй, хүний эрхийн талаас маш нарийн задлан шинжилсэн нь уг бүтээл юм. Ялангуяа 2008–аас 2014 оны хоорондох Израилийн давшилтуудын үеэр болсон энгийн иргэдийн хохирлыг дэлгэрэнгүй уудалжээ.
-660x0.jpeg)
Мөн уг бүтээлд олон улсын байгууллагын тайлан, НҮБ-ын баримт бичгүүдийг ашигласнаар академик суурьтай ном болжээ. Ноам Чомски эл номыг “Газын тухай хамгийн нарийн шинжилсэн баримт сайтай судалгааны бүтээл” гэж онцолсон байна. Зарим талд Финкелштейний шүүмжлэл хэт нэг талыг барьсан гэх нь ч бий.
PALESTINE (graphic novel) (1993)
Joe Sacco
Саккогийн анхны томоохон бүтээл бөгөөд 1991 онд Палестинд хэдэн сарын турш байрлаж, өөрийн биеэр сурвалжилсан тэмдэглэлүүдээс үүдэн бичжээ. Номд Газын зурвас болон Баруун эргийн энгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, Израилийн армитай хэрхэн харилцаатай байгааг тод томруун харуулжээ.
Зохиогчийн хамгийн эхэнд олж харсан зүйл, орон нутгийн иргэдтэй хийсэн яриа бүхэлдээ комик хэлбэрээр буусан нь дэлхий даяар Палестины асуудлыг шинэ хэлээр ойлгуулахад тус болсон юм.
Америкийн шүүмжлэгчид үүнийг “Орчин үеийн график сэтгүүл зүйн эх суурийг тавьсан бүтээл” гэж үздэг. 2023 онд дахин хэвлэгдсэн нь тус номын үнэ цэн хуучрашгүйг баталдаг билээ.

DELUGE: GAZA AND ISRAEL FROM CRISIS TO CATACLYSM (2023)
Jamie Stern-Weiner, Avi Shlaim
Газын зурваст болж буй дайны аймшигт аюул болоод Израилийн бодлого, Хамасын тактик, олон улсын дипломат оролдлого, нийгмийн сүйрлийг цаг үеийн байдлаар нарийвчлан шинжилсэн уг бүтээл дайны уршгийн талаарх хамгийн сүүлийн үед бичигдсэн шилмэл номуудын нэг юм.
Зохиолчид нь Израиль, Палестины асуудлыг олон жил судалсан судлаачид бөгөөд энэ бүтээл бол “шинэчлэгдсэн” академик тайлбар гэдгээрээ онцлогтой.
Одоогоор шүүмжлэгчид Газын зурвас дахь мөргөлдөөний цаад шалтгааныг ойлгоход туслах хамгийн чухал бүтээл хэмээн үзэж байна.
GAZA’S CYCLE OF DESTRUCTION AND REBUILDING: UNDERSTANDING THE ACTORS, DYNAMICS, AND RESPONSES (2024)
Ghassan Elkahlout
Энэхүү бүтээл нь 2023 оны Газын бүс нутагт өрнөсөн дайн болоод түүний дараах нөхцөл байдлыг улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн арга хэмжээ зэрэг олон талаас нь харж цогцоор нь судалсан ном юм.
Мөнхүү тус номд дайн үүсэх болсон шалтгаан, тэдгээрийн гол тоглогчид болоод Хамас бүлэглэлд хөрөнгө орчуулагчид, Израилийн бодлого зэргийг нарийвчлан тусгаснаас гадна философийн ойлголтыг ч хамтад нь авч үзжээ.
Үүнээс илүүтэй зөвхөн барууны судлаачид бус Палестины шинжээчдийн үзэл, баримтлалыг түлхүү нэгтгэж өөрсдийн эх орон, газар нутгийн тухай үнэнийг өгүүлж, олон талын судалгааг дэвшүүлснээрээ онцлогтой.
-660x0.png)
THE WORLD AFTER GAZA: A HISTORY (2025)
Pankaj Mishra
Энэтхэгийн зохиолч, нийтлэлч Панжак Мишра уг номоо хоёр жилийн өмнөх үйл явдлыг бичсэн боловч Газын зурвас дахь дайн нэн хурцадмал байдалд орж, хүмүүнлэгийн тусламж авч чадалгүй ард иргэд, хүүхдүүд олноороо үхэж байгаа энэ цаг үед сэрэмжлүүлэг болсон бүтээл.
Дайн хийгээд дэлхийн колоничлолын түүхийг хооронд нь харгалдуулж, гүн ухаан болон хувь хүний өнцгөөс задлан дүгнэжээ. Тэрээр өөрийн зан авир, Америк болоод Барууны орнуудын хандлага зэргийг нарийвчлан судалснаас гадна зөрчилдөөний халуун цэгээс хариулт олж тайлбарласан байдаг.
The Guardian сэтгүүлийн шүүмжлэгчид “Колоничллын сүүдэр болох дайн өнөөгийн хүмүүсийн амьдралын нөхцөлд хэрхэн аймшиг бий болгож буйг эрүүл саруул оюунаар тунгаасан агаад гэгээлэг бичлэгтэй” хэмээн тодорхойлжээ.