
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор энэ сарын 4-8-нд орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан ажиллаа. Уг өдөрлөгийн үеэр дүүргийнхээ шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл, талархал гардууллаа.

Мөн “Татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдад шагналыг нь гардуулсан юм. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөгөөс гадна энэ сарын 4-8-нд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна. Тодруулбал, дүүргийн татварын хэлтэсийн байранд нийгмийн даатгал, улсын бүртгэл, статитик, төрийн сан, санхүүгийн алба гээд төрийн бүх үйлчилгээний ажилтнууд нэг дор ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсийн дарга Г.Отгонбаатар
Манай дүүрэг газар нутгийн хувьд бусад дүүргээсээ том хэдий ч бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж цөөхөн. Харин сүүлийн үед 20, 32 дугаар хороонд шинээр үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа. Энэ хэрээр дүүргийн татварын бааз суурь өргөсөж, орлого нэмэгдэнэ гэж харж байна.Иргэн, аж ахуйн нэгжүүдийн татвараа төлөх идэвх бүх газар адилхан. Татварын байгууллага 2026 онд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Ямар хэрэгцээ, шаардлага байна түүнд нь хүрч ажиллаж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд татварын бүртгэл, төлөлт, цахим үйлчилгээний ойлголт гээд иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгар буй бүх л асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг болон ажиллаж байгаа. Тухайлбал, том, жижиг гэхгүйгээр бүх татвар төлөгчдөдөө сургалт явуулж байна. Албан байгууллага, хүн хүмүүс нийтээрээ хандвал манай дүүргийн татварын хэлтэсийн албан хаагчид очоод сургалт явуулж, зөвлөгөө өгч байгаа. Ингэхдээ АМНАТ, НӨАТ, ААНОАТ гээд сонгосон бүх чиглэлээр нь мэдээлэл өгдөг. Манай хэлтэс дээр ирээд ганцаарчилсан зөвлөгөө ч авч болно.Засгийн газраас татварын өртэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх шийдвэр гаргасан. Үүний дагуу манай татварын хэлтэс 727 иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. Энэхүү итгэл үзүүлье аян үр дүнгээ өгч байна. Дүүргийн орлого, төсвийн бүрдүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй явж байгаа. Итгэл үзүүлье аяны хүрээнд итгэл хүлээж татвараа төлж буй иргэн, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.