
Хүн ам цөөрөхийн хэрээр Өмнөд Солонгосын эрх баригчид цэргийн нөөц хүчинд илүү найдаж байгаа ч энэ төрлийн албан хаагчдын сургалтын хөлс маш бага байна.
Өмнөд Солонгосын засгийн газар сая сая цэргийн нөөц хүчнийхний урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог шинэчлэхээр хөдөлж эхэллээ. Учир нь заавал хаах цэргийн албаны дараах сургалтын хөлс нь амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй огт нийцэхгүй байна гэсэн шүүмжлэл олон жилийн турш үргэлжилжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хүн Шик энэ долоо хоногийн эхээр Батлан хамгаалах яаманд нөөц хүчний сургалтын тогтолцоог шинэчлэх, дайчилгааны хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх боломжийг судлах үүрэг өгсөн байна. Энэхүү чиглэл нь үндэсний батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хувийн аж амьдралаа авч явах ёстой залуу эрчүүдийн хувьд цэргийн урамшуулал ба иргэний орлогын зөрүү тэвчихийн аргагүй хэмжээнд хүрснийг харуулж байна.
28 настай Ким Дон Ён-ы хувьд үүрэг ба нөхөн олговрын зөрүү бол энгийн тооцооны асуудал. Тэрбээр өнгөрсөн жил Хвасон дахь гэрээсээ Пёнтэк дэх сургалтын төв хүртэл дөрвөн өдрийн турш зорчжээ. Түүний хэлснээр авсан урамшуулал нь шатахууны мөнгөө л дөнгөж нөхсөн байна. “Би найзтайгаа хамт явж, өдөрт хоёр цаг орчим хугацааг зөвхөн ирж, очих замд зарцуулсан” гэж Ким ярьжээ.

Дөрвөн өдрийн сургалтын төлөө Ким 72 000 вон авчээ. Хэрэв ижил хугацаанд одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох цагийн 10 320 воноор ажилласан бол ойролцоогоор 281 000 воны цалин авах байв.
Кимийн түүх нь Өмнөд Солонгосын батлан хамгаалах логистикийн доголдол өргөн хүрээг хамарсныг харуулж байна. Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг бэлэн байдлаа хангахын тулд асар олон нөөц хүчнийхэнд түшиглэдэг ч үүний санхүүгийн ачаалал нь хувь хүнд ноогдож байгаа юм.
Өмнөд Солонгос 2.56 сая орчим цэргийн нөөц хүчний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том нөөц армийн нэгт тооцогддог. Идэвхтэй албаа хааж дууссан эрчүүд халагдсанаас хойш зургаан жилийн турш жил бүр сургалтад хамрагдах үүрэгтэй бөгөөд сургалтын хэлбэр, давтамж нь анги нэгж, алба хаасан жилээс хамаарч өөр өөр байдаг.
Халагдсанаас хойш эхний дөрвөн жилдээ нөөц хүчнийхэн жил бүр сургалтад заавал хамрагдана. Үүнд:
1-р төрлийн сургалт: Дайны үеийн дайчилгааны ангид гурван өдөр, хоёр шөнө байрлан сургуулилт хийх;
2-р төрлийн сургалт: Нөөц сургалтын төвд дөрвөн өдрийн турш өдөр бүр ирж очих сургалт байдаг.
Энэ жил 1-р төрлийн сургалтын хөлс 82000 воноос 95000 вон болж, 2-р төрлийнх 40000 воноос 50000 вон болж нэмэгджээ. Гэхдээ бодит олговор нь гэрээс сургалтын төв хүртэлх зай зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн бүрт өөр байдаг.
Гэсэн ч олон нөөц хүчнийхэн энэхүү мөнгө нь сургалтын шаардлагад огт нийцэхгүй гэж үзэж байна.
Хүн амын бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан цэргийн нөөц хүчин Өмнөд Солонгосын үндэсний батлан хамгаалалтын төвд улам чухал байр суурь эзлэх болсон. Идэвхтэй зэвсэгт хүчин төдийгүй залуу насны хүн ам ч эрчимтэй цөөрч байгаа юм.
БНСУ-ын Мэдээлэл, статистикийн яамны мэдээлснээр 2024 онд 20-иод насныхны тоо өмнөх оноос 193 000-аар буурч, 6.3 саяд хүрсэн нь насанд хүрэгчдийн дундах хамгийн бага үзүүлэлт болжээ.
Мөн байнгын зэвсэгт хүчний тоо зургаан жилийн дотор ойролцоогоор 110 000-аар буурч, 2019 онд 560 000 байсан бол өнгөрсөн жил 450 000 болсон байна.
Өнгөрсөн жилийн парламентын шалгалтын үеэр Батлан хамгаалах яам хүний нөөцийн хомсдлыг нөхөхийн тулд иргэний ажилтан болон нөөц хүчний оролцоог нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.
Түүнчлэн энхийн цагт сайн дурын үндсэн дээр дуудлага, сургалтад хамрагдаж, дайны үед ижил үүрэг гүйцэтгэх Идэвхтэй нөөц хүчний тогтолцоог 2040 он гэхэд 3700-аас 50 000 болтол аажмаар нэмэгдүүлэх бодлогын баримт бичиг гаргасан байна.
Нас ахисан иргэдийг цэргийн үүрэгт татан оролцуулах асуудал ч хэлэлцэгдэж байна. 2023 онд Батлан хамгаалах яамтай холбоотой иргэний нөөц байгууллага болох Ахмадын армийг (Senior Army) байгуулж, 55–75 насныхныг онцгой нөхцөлд дайчлах нөөц болгон бүртгэжээ.
Мөн өнгөрсөн жил Үндэсний Ассамблейн Тамгын газар цэргийн туршлагатай 50–60 насныханд хамгаалалтын харуулын үүрэг гүйцэтгүүлэх нь ойрын хугацаанд цэргийн хүний нөөцийн дутагдлыг багасгахад тустай гэж дүгнэсэн байна.